Уншиж байна ...

Кимийн гэр бүлийн суртал нэвтрүүлгийн мастер 94 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын суртал нэвтрүүлгийн мастер гэгддэг байсан Ким Ки Нам 94 насандаа таалал төгссөнийг өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ.

2022 оноос хойш эмчлүүлж байсан түүнийг “олон эд эрхтний үйл ажиллагаа доголдсон” оноштой нас барсан тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.

Ким Ки Намыг Умард Солонгосын удирдагчдын гурван үеийг тахин шүтэх үзлийг дэлгэрүүлж, нийгэмд тэднийг тойрсон үнэнч хүрээлэл бий болгоход их үүрэг гүйцэтгэсэн хүн гэдэг.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр өглөө эрх баригч намд “хязгааргүй үнэнч байсан ахмад хувьсгалчийн оршуулгын ёслолд оролцсон” тухай дээрх мэдээнд өгүүлжээ.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг түүнийг Германы Нацистуудын суртал нэвтрүүлэгч Иосеф Геббельстэй зүйрлэсэн байна.

Геббельс нь “худал зүйлийг хангалттай олон удаа давтвал үнэн болдог” гэсэн алдарт сургаалыг хэлж байсан хүн юм.

Ким Ки Нам 1966 онд Пёняны суртал нэвтрүүлэг, ухуулгын газрын дэд даргаар томилогдож, одоогийн удирдагчийн эцэг Ким Жон Илтэй ойр ажиллаж эхэлжээ.

Дараа нь тэр уг газрынхаа даргаар томилогдож, Кимийн гэр бүлийн эзэнт гүрнийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Тэрбээр Ким Жон Илтэй тун дотно харилцаатай, бүр “хамт архиддаг найзууд” байсан тухай баримтууд бий.

1970-аад онд тэр Умард Солонгосын төв хэвлэл Родон Синмун сониныг хариуцан ажиллаж байжээ.

Ким Ки Намын удирддаг байгууллага Умард Солонгос болон гадаад ертөнцийн хоорондын мэдээллийн урсгалыг хянаж, зохицуулдаг байв. Өрнөдийн болон Өмнөд Солонгосын урлаг соёлын бүтээгдэхүүнүүдийг хориглох бодлогыг энд тодорхойлдог байжээ.

2009 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны оршуулгын ёслолд Умард Солонгосоос цөөн тооны албаны хүмүүс оролцсоны нэг нь Ким Ки Нам байв.

Тэрбээр 2010-аад оны сүүлээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жонд шилжүүлсэн гэдэг.

Ким Ки Намын үхэлтэй цуг Умард Солонгосын дэглэмийн суртал нэвтрүүлгийн нэг эрин үе өндөрлөж буйг Сөүлийн Ewha их сургуулийн профессор Лэйф-Эрик Изли тайлбарлажээ.

“Тэр бол Пёняны дэглэмийг зөвхөн Солонгосын хойгоор зогсохгүй дэлхий даяар алдаршуулахыг хичээн ажиллаж байсан хүн” гэж профессор тодорхойлсон байна.

Ким Ки Намтай цуг пан-Солонгосын үндсэрхэг үзэл, Солонгос үндэстнийг нэгтгэх үзэл санаа дуусгавар болсон гэж тэр дүгнэжээ.

“Одоо Өмнөд Солонгосыг чөтгөр болгон харагдуулж, цөмийн зэвсгийн хүчин чадлаа сурталчлах нь Ким Жон Уны эрх мэдлээ хадгалж үлдэх суртал нэвтрүүлгийн гол арга хэрэгсэл болсон” гэж Изли тайлбарласан байна.

 

Эх сурвалж: BBC