Уншиж байна ...

Израиль улс Рафа хотод цэргээ оруулбал сум, бөмбөг нийлүүлэхээ зогсоохыг АНУ-ын ерөнхийлөгч анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Газын зурвасын хамгийн өмнөд цэг болох Египетийн хил дээрх Рафа боомт хот руу Израилийн арми довтлохоор бэлдэж байна.

Дайнаас дүрвэсэн палестинчуудын сүүлчийн хоргодох газар болоод буй энэ хотод одоо нэг сая гаруй хүн оршин сууж байгаа юм.

Хэрвээ Израилийн цэрэг энэ хотод байлдааны ажиллагаа эхлүүлбэл хүмүүнлэг ёсны сүйрэл болохыг НҮБ-ын мэргэжилтнүүд урьдчилан анхааруулж байгаа.

АНУ-ын засаг захиргаа ч Рафа хотод байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө цуцлахыг Израилийн эрх баригчдаас шаардсаар байна.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Израилийн талд өнөөдрийг хүртэлх хамгийн ноцтой анхааруулгаа өгчээ.

Хэрвээ Израилийн цэрэг Рафа хотод нэвтрэн орвол бөмбөг, их бууны сум нийлүүлэхээ зогсоохыг мэдэгдсэн байна.

“Саяхан Ойрх Дорнодоос үйлдсэн шиг халдлагаас хамгаалахад нь бид Израиль улсад үргэлжлүүлэн тусална. Гэхдээ буруугаар ашиглах бол бид зэр зэвсэг, их бууны сум нийлүүлэхээ зогсооно”  гэж Байден өчигдөр CNN сувгийн хөтлөгч Эрин Бернеттэй ярилцахдаа хэлжээ.

Өөрөөр хэлбэл илгээсэн зэр зэвсгийг нь энгийн номхон иргэдийн эсрэг ашиглахыг зөвшөөрөхгүйгээ тэр ийнхүү илэрхийлсэн байна.

Израилийн дайны үеийн засгийн газар Рафа хотыг эзлэх байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөг удаан хугацаанд хэлэлцэж байгаа.

Саяхан Израилийн тал хотын оршин суугчдад аюулгүй бүс рүү нүүх зөвлөмж тараасан байна. Одоогоор Израилийн танкууд Рафа хотод нэвтрээд байгаа юм.

Байден ярилцлагадаа АНУ-ын илгээсэн зэр зэвсэгт энгийн иргэд хэлмэгдэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Палестины засаг захиргааны мэдээлснээр Газын зурваст долоон сарын хугацаанд үргэлжилж буй дайны үеэр 34,000 гаруй хүний амь үрэгджээ.

Байдены засаг захиргаа Израильд илгээх зэр зэвсгийн нийлүүлэлтээ түрүүчээс нь зогсоож эхлээд байгаа. Хамгийн сүүлд 3,500 бөмбөг илгээх ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.

Үүнийхээ төлөө тэр хоёр талын дарамт шахалтад ороод байна.

Нэг талаас Конгресс дахь Бүгд Найрамдах Намын төлөөлөл Байдены энэ алхмыг хүчтэй эсэргүүцэж, зэр зэвсэг нийлүүлэлтээ үргэлжлүүлэхийг шаардаж байна.

Нөгөө талаас АНУ-ын их сургууль, коллежуудад Израильд үзүүлж буй тусламжаа зогсоохыг шаардсан оюутнуудын хөдөлгөөн эрчимжжээ.

 

Эх сурвалж: Reuters