Уншиж байна ...

"Төрийн худалдан авах цахим системд гэрээний гүйцэтгэл зэрэгт олон нийт санал, гомдлоо гаргадаг хэсэгтэй болох хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төрийн худалдан авах цахим систем" болох Tender.gov.mn-н мэдээллийн системийн талаар мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр боллоо. 

Тус мэдээллийн систем нь хэрэглэгчдэд илүү их мэдээллийг хялбар байдлаар хүргэдэг болгох үүднээс шинэчлэлт, хөгжүүлэлтийг хийж байгаа аж. 

Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тендер, гэрээний гүйцэтгэл буюу тухайн гэрээнийхээ үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа зэрэгт олон нийт саналаа өгч, гомдол гаргаж болдог хэсэгтэй болох хэрэгтэй байна гэв. 

Мөн ерөнхий гэрээний хэсгийг боловсронгуй болгох, зарим хөрөнгө оруулалтын төслүүд дээр жишиг үнийн мэдээлэл байх юм бол хяналт тавихад хэрэгтэй зэрэг саналуудаа илэрхийлэв. 

Худалдан авах ажиллагааны сайт нь сонгон шалгаруулалтаас гүйцэтгэл хүртэл нэлээдгүй мэдээллийг агуулдаг учир төсвийн хяналтад маш чухал гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам "2023 долдугаар сарын 7-нд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, хөрөнгө оруулалтын төслүүд дахин давтагдашгүй кодыг авдаг болсон. Өмнө нь хөрөнгө оруулалтын төслүүд тухайн батлагдсан он хуулийн дугаараар бүртгэгддэг байсан. Хуулийн дугаарууд нь он дамжиж, шилжихээрээ өөрчлөгдөөд явдаг байсан бол нэгдсэн кодтой болж 2024 оны төсвөөс хэрэгжээд явж байгаа. 

Ингэснээр Tender.gov.mn-с өгдөг код нь улсын төсвөөс өгөгдсөн кодтойгоо илүү уялдаатай болж мэдээллээ харахад илүү амар болж байгаа юм" гэв.