Уншиж байна ...

Ц.Төрхүү: ААН, байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Цаашид цэвэрлэгээг тогтмол хийж хэвших ажлыг зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Нийслэлийн гудамж, талбайн хөөстэй угаалга, цэвэрлэгээний ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Энэхүү цэвэрлэгээг цаашид тогтмол хэвшүүлэх уриатай.

Социалзмын үед Бямба, Ням гарагт иргэд их цэвэрлэгээнд оролцдог, хүүхдүүдээ цэвэрлэгээнд оролцуулж сургаж байсан. 

Сар бүр нэг удаа буюу Бямба, Ням гарагийн аль нэгд нийслэлчүүд цэвэрлэгээнд гардаг байх ёстой гэж боддог. 

Нийслэлд ТҮК-ийн 1,375 ажилтан байдаг. Эдгээр ажилтан нийтийн эзэмшлийн 9,500 м.кв талбайг цэвэрлэхэд хүрэлцдэггүй.

Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлснээр ААН, байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж хэвшиж байна. Бид бүхэн нэг хотод амьдардаг учир хамтдаа цэвэрлэж, арчилж байх үүрэгтэй юм" гэж ярилаа.

Тавдугаар сард дүүрэг бүр хуваарьт өдрүүдэд их цэвэрлэгээг зохион байгуулах юм байна.

  1. Баянзүрх дүүрэг 2024.05.08
  2. Хан-Уул дүүрэг 2024.05.09
  3. Сүхбаатар дүүрэг 2024.05.10
  4. Чингэлтэй дүүрэг 2024.05.11
  5. Сонгинохайрхан дүүрэг 2024.05.13
  6. Баянгол дүүрэг 2024.05.14
  7. Налайх, Багануур, Багахангай 2024.05.15
  8. Нийслэлийн Төрийн захиргааны байгууллагууд 2024.05.16

Энэ үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа , талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, хүүхдийн тоглоомын талбай, хогийн сав, сандал, хайс хашлага, мод бут зам талбайг угааж цэвэрлэх аж.