Уншиж байна ...

"Далан худалчийн түмэн үнэн"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 8
ikon.mn
Зураг зураг

Алдарч аялагч хэмээн өргөмжлөгдөж, заримдаа "Далан худалч" хэмээн цоллуулж байсан Марко Полог судлаачдын талаарх сонирхолтой нийтлэлийг доктор Х.Бэхбат бичжээ. 

Тэрбээр энэхүү нийтлэлдээ Марко Поло судлалыг нэгэн шатаар ахиулж байсан судлаачид, тэдний голлох бүтээл ба эргэлзээний талаар дэлгэрэнгүй өгүүлснийг хүргэж байна. 



“Би үзэж харсныхаа хагасыг нь ч өгүүлж чадаагүй юм шүү”

Марко Поло

Энэ онд алдарт аянчин Марко Поло-гийн насан эцэслэсний 700 жилийн ой тохиож буй юм. Номонд дуртай хүмүүсийн дунд түүний нэрийг мэдэхгүй хүн ховор биз. Харин тэртээх 13 дугаар зууны эцсээр Генуэзийн гянданд цагийг баран баран байж хүүрнэсэн энэ эрхмийн дурсамж хэрхэн ном болж, ямаршуухан замыг туулж, өнөөдөр ямар хэл, хэлбэрээр та бидэнтэй золгосныг тэр бүр мэдэх билүү?

Марко Поло анх арван долоон насандаа буюу 1271 онд худалдаачин эцэг Николо, авга ах Маттео-г дагалдан алсын аянд дөрөөлөхдөө алдар нэр нь хожим, олон зуун жилийн дараа ч дэлхий даяар дуурсагдсаар байхыг хэрхэн тааварлах билээ. Италийн үзэсгэлэнт хот Венецийг орхисноосоо хойш Бага Азид хэсэг саатаж, улмаар Төв Азийн их тал хээр нутаг, элсэн цөлөөр баахан хэсүүчилсний эцэст Юань гүрний зуны нийслэл Шаньду-д дөрвөн жилийн дараа сая хүрсэн байдаг. Төрөлхийн гярхай, сэргэлэн тэрбээр загалмайтны тэргүүн Ширээт ламын захидлыг Хубилай хаанд өргөн барихын хамт туулсан замынхаа үзсэн харсныг ширхэглэн ярих нь хаантны таалалд ихэд нийцсэн учир дэргэд нь шадарлан сууж төрийн алба залгуулах урт агаад үйл явдлаар дүүрэн амьдрал нь эхэлжээ. Энэ замнал нь түүнийг Хаанбалгасын орд харшаар эрх дураараа орж гарахын зэрэгцээ дээдсийн итгэлийг өвөрлөн их Юань гүрний нутгаар хөндлөн гулд сүлжиж, Дорнын бусад улс орноор довтолгон 17 жилийг элээхэд хүргэсэн юм.

Гурван Поло-г 1295 онд буюу 24 жилийн дараа, “хорин дөрвөн мянган км урт замыг” туулсны эцэст нутагтаа буцаж ирэхэд нь тосож угтах, таньж мэдэх хүн нэн ховор. Явсан, суусан газрынхаа сонин хачин, үзсэн харсныхаа үүх түүхийг гайхуулан хуучлахад нь үнэмшиж итгэх хүн барагтай л бол олддоггүй байж. Тийм ч учраас жилийн дараа Венец-Генуэзийн дайнд оролцож яваад олзлогдож, гурван жил хоригдохдоо “өрөөний хам” Рустичелло /Рустичиано/ -д аян замынхаа түүхийг дуртайяа хөөрөн бичүүлсэн биз ээ.

Пиза-гийн хэмээх Рустичелло нь тухайн үедээ шаггүй нэрд гарсан бичээч, зохиолч байсан аж. Тэрбээр Марко-гийн өгүүлснийг муутуу цааснаа буулгахдаа чухам аль хэсэг нь хүүрнэгчийн өгүүлэл, аль нь бичээчийн зохиол болохыг ялгаж салгахад бэрх, бараг боломжгүй болтол нь найруулсан гэж зарим судлаачид үздэг юм.

зураг
 

Ямартай ч тэрхүү анхны гар бичмэлийг Марко ихэд эрхэмлэн хайрладаг байсан бөгөөд Хубилай хааны хэмжээлшгүй баялгийг шагшин магтсаар “Саятан” /Il Millione/ хэмээх хочтой ч болж, "үзсэн харсаныхаа хагасыг ч өгүүлж чадаагүй юм шүү" гэж үглэсээр 1324 онд насан өөд болсон байдаг.

Марко Поло-гийн түүхийг эхэндээ "хийсвэр, санаанаасаа зохиосон зүйл", "уйтгараа нимгэлж, цаг өнгөрөөх гэж бичсэн" ном мэт ихэвчлэн үздэг байсан бол он жил өнгөрөх тутам өгүүлснийг нь үнэн, өчсөнийг нь бодит гэх нотолгоо арвижсаар иржээ. Дундад зууны үеийн дэлхийн газарзүйн шилдэг зургууд болох “Каталаны атлас” /1380/, Фра Мауро-гийн “Mappemonde” /1457-1459/-д тусгалаа олж, Кристоф Колумбыг /1451-1506/ алсын аянд нь уухайлан хөтөлж, улмаар Поло судлал үүсэн дэлхийн түүхийн ухаан, тухайлбал Чингис судлалын салшгүй нэг хэсэг болон хөгжих болсон юм.

Харамсалтай нь, Марко Пологийн анхны гар бичмэл нь үл ойлгогдох шалтгаанаар оргүй алга болжээ. Түүний хуулбар гэх гар бичмэл эдүгээ 150 орчим байдаг гэх боловч үйлдсэн он цаг, хэл ус, хэлбэр дүрс, хэмжээ дамжаа гээд бүрэн, дутуугийн хувьд ч бүгд хоорондоо адилгүй гэнэ. Газар дундын тэнгисийн умард хэсэгт тухайн үедээ түгээмэл хэрэглэж байсан бичгийн хэл болох хуучин франц, венецийн холимог хэлнээ туурвисан уг бүтээлийг гараар хуулбарлах бүрдээ бага сагаар өөрчилж, улмаар бусад хэл, хэллэг рүү буулгахдаа бүүр ч “холиосоор” эцэстээ салаа мөчрөөр арвин том “мод” ургасан санж. “Төөрөлдөхөд” амархан энэхүү саглагар модны учир начрыг уудалж тайлах ажил эдүгээ ч эцсээ хүлээсээр байна.

Судлаачдын мөшгин тоймлосноор бол, анх “Devisement du monde” (Ертөнцийг тольдохуй) хэмээх нэртэй байсан уг бүтээл “цэвэр” франц, венец, итали, герман, англи, каталан, арагон, гаэл* гэхчилэн олон хэлээр хөрвөж, “Поло-гийн ном”, “Ертөнцийн гайхамшиг”, “Марко Поло-гийн аялал” зэрэг янз бүрийн нэр зүүн, гараас гар дамжин тархаж эхэлжээ.

Aнх 1302 онд /1310-1314 онд гэх нь ч бий/ буюу Поло-г амьд ахуйд нь түүний нэгэн гар бичмэлийг Франческо Пипино хэмээх ламтан латин хэл рүү орчуулсан байна. Уг гар бичмэл нь анхдагч эх биш боловч хамгийн ойрхны хуулбар нь байж. Харин орчуулга нь тааруухан, алдаа мадаг ихтэйгээс гадна хөрвүүлэгчийн өөрийнх нь нэмж, хассан зүйл цөөнгүй тааралдах нь итгэл алдуурахад хүргэдэг боловч хожмын олон хувилбарын суурь болж хэргээ гаргасаар ирсэн гэнэ. Латин дээрх ийм нэгэн хувилбар Миланы Biblioteca Ambrosiana-д хадгалагдаж байгаа ажээ. Мөн үед нэр нь үл мэдэгдэх нэгний хуучин франц руу хөрвүүлсэн гар бичмэл эдүгээ Францын Үндэсний Номын санд хадгалагдаж байх агаад анхдагч гар бичмэлийн текстийг хамгийн үнэнчээр агуулсан хэмээн эрдэмтэн судлаачид үнэлдэг байна. 1350 оны орчим үйлдсэн бололтой өөр нэг франц гар бичмэл нь эдүгээ Шведийн Үндэсний Номын санд буй нь бас чиг багагүй найдвартай гэцгээнэ.

Марко Поло-гийн “Аяллын” тухай анхны хэвлэмэл ном 1477 онд буюу Рустичеллогийн гар бичмэлээс даруй 175 жилийн дараа Нюрнберг хотноо гарчээ. Герман хэл дээрх уг хувилбар нь дөрвөн жилийн дараа Аугсбург хотноо ахин хэвлэгдэж, франц хэлээрх бас нэгэн хувилбар 1556 онд ном болон гарч, Жиованни Рамюзио-гийн боловсруулсан итали хувилбар 1557 /9?/ онд хэвлэгдсэнээр Марко Поло олон тоогоор, өөр олон хэлээр хэвлэгдэн түгж эхэлсэн байна.

Энэ бүхний нөлөөгөөр Поло-гийн алдар нэр өргөн олны хүртээл болон шагшигдах болж, дорно дахин, түүний дотор монголчууд, Чингисийн үүх түүх, өв соёлыг танин мэдэх сонирхол Европын соёлжингуй хүрээллээр хязгаарлагдахаа больж, ялангуяа ХIX дүгээр зуунаас эхлэн хааяагүй өсөн нэмэгдэх болсон ажгуу.

Поло-гийн эрэлт хэрэгцээг даган поло судлал ч өөрөө идэвхжиж, үүнд өрнөдийн олон арван ориенталистууд /дорно дахин судлаачид/ татагдан оролцсон байдаг. Тухайлбал Рамюзио-гийн итали хувилбараас англи руу дорно дахинч, хэл зүйч, зоос цуглуулагч Виллиам Марсдэны орчуулж 1818 онд гаргасан хэвлэл нь сонгомол бүтээл гэж үзэгддэг бөгөөд түүнд тулгуурлан 1854 онд гаргасан Томас Райтын ном хожим дахин дахин хэвлэгдсээр англи хэлээр уншигчдын дунд хамгийн ихээр тархан танигдсан номын нэг болжээ.

Францын Газар зүйн нийгэмлэгээс эрхлэн 1824 онд нийтэлсэн “Марко Поло”-г жинхэнэ эх бүтээлдээ хамгийн ихээр ойртсоны зэрэгцээ хамгийн дэлгэрэнгүй болсон нь гэж үздэг байна. Түүнийг Гийом Потье нягтлан шүүж өөрийн хувилбараа 1865 онд дэвшүүлсэн бол үүнийг нь Английн дорно дахин ч Хенри Юль өөр олон эх сурвалжтай харьцуулан шинжих үндсэн дээр дахин боловсруулж хоёр боть болгон 1871, 1875 онуудад хэвлүүлжээ. Поло-г боловсруулах ажлаа үргэлжлүүлж, улмаар нэмж өргөтгөсөн хэвлэлээ гаргахаар зэхэж байхдаа Х.Юль өөд болсон тул Францын нэрт нанхиадч Анри Кордье халааг нь авч үргэлжлүүлэн 1902 онд хэвлэн гаргасан байдаг. Тэрбээр өөрийн судалгааг улам гүнзгийрүүлсээр Х.Юлийн бүтээлд нэмэлт болгон гурав дахь ботийг босгож 1920 онд хэвлэн гаргасан нь ихээхэн чамбай судалгааны нэгд тооцогдсоор байна.

Поло судлалаар италичууд “гайхуулцгаах” нь ойлгомжтой. Итали хэлээр хэвлэгдсэн Марко-гийн “Аялал”, түүний тухай судалгааны нухацтай бүтээлүүд олон арваар тоологдох агаад тэр дундаас өмнө дурдсан Рамюзио-гоос гадна Луйжи Бенедетто-гийн 1928 онд Флоренц хотноо хэвлэн гаргасан номыг эрдэмтэн судлаачид онцолдог аж. Гэвч М.Поло-гийн хамгийн олон гар бичмэлийг хамарч эмхэлснээрээ үнэ цэнтэйд тооцогдон хэсэгхэн хугацаанд алдаршиж байснаа 1932 онд Испанийн Толедо хотноо хожим “Зеладагийн” гэж нэрших болсон гар бичмэл олдсоноор “манлайллаа” алдсан юм. Энэхүү “цоорхойг” нөхөх үүргийг Кэмбрижийн профессор Артур Мүүл, Францын нэрт нанхиадч Пол Пеллио хоёр өөртөө авч 1938 онд “хамгийн бүрэн хэмжээний” орчуулгаа 2 боть тайлбар, тэмдэглэлийн хамт Лондон хотноо англи, франц хэлээр хэвлүүлэн гаргасан нь поло судлалын хувьд түүхэн үйл явдал болон үлджээ.

ХХ зууны хоёрдугаар хагас, энэ зууны эхээр ч поло судлалын эрч саарсангүй, харин ч гүнзгийрсээр байгааг харж болно. Үүнд нэг талаас, поло судалгаанд оролцогчдын эгнээ өссөөр, тэдний бүтээл туурвилын хэмжээ нэмэгдсээр байгаа нь илэрхий аж. Жишээлбэл дэлхийн ном бүртгэлийн хамгийн том сан болох “WorldCat”-аас үзвэл Марко Поло-гийн тухай болон түүний ном зохиол 1928 онд 88 нэр, төрлөөр хэвлэгдэн гарч байсан бол 1955 онд 101, 1990 онд 128, 2000 онд 546, 2015 онд 700 хүртэл өсөж бүртгэгдсэн байна. Нөгөө талаас, тоог дагалдан эрдмийн эрэл хайгуул чанаржин гүнзгийрсээр, үүнд шинэ үеийн нэрд гарсан нанхиадч, монгол судлаачид, түүхч, зохиолчид тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болжээ. Тухайлбал, Менар, Морган, Мэн, Рахевилц, Бэргрийн... гээд олны танил олон нэрийг дурдаж болох бөгөөд ялангуяа Рөне Капплэр-ын “Marco Polo.Le devisement du monde” нэрийн дор 2004 онд Парист хэвлүүлсэн номыг онцлон тэмдэглэх нь зүйд нийцнэ.

P.Капплэр Марко Пологийн гэх бүхий л гар бичмэлүүдийг харшуулан судалж, хаана нь дутуу, дундуур байгааг нь сэлбэн нөхөж, орчин үеийн франц хэлээр буулган, поло судлалын түүхэн өвийг нэгтгэж дүүрэн ашиглах, дахин боловсруулах замаар уг бүтээлээ туурвисан нь Марко Поло хэмээх “оршихуйг” чанарын шинэ түвшинд өргөх алхам болсон хэмээн эдүгээгийн эрдэмтэн мэргэд санал нэгтэй дүгнэсэн байдаг.

Манай монголчууд Марко Поло-гийн түүхтэй хэзээнээс, хэрхэн танилцсаныг хэн мэдэх билээ. Ямартай ч их зохиолч Д.Нацагдорж 1930-аад оны эхээр герман хэлнээс монголчилж байсан баримт байдаг аж. Тэрбээр профессор Альберт Германы “Их хааны ордонд” хэмээх нэр бүхий номыг барьж авч оролдсон боловч тэр нь эх сурвалжаасаа хэтэрхий товчхон, зарим бүлгийг нь огоорч, заримыг нь дураараа эдэлсэн байх учраас нийтлүүлэлгүй орхижээ. Д.Нацагдоржийн орчуулга 58 хуудас материал эдүгээ ч Үндэсний номын санд хадгалагдсаар байгаа гэнэ. Харин нэлээд хожим буюу 1987 онд А.Очир, Б.Дорж, С.Идшинноров нар оросын нэрт эрдэмтэн И.П.Минаевын 1902 онд оросчилсон эхийг баримтлан монгол руу орчуулан “Орчлонгийн элдэв сонин” нэрийн дор хэвлүүлснээр бид Марко Поло-гийн бүрэн түүхтэй танилцах боломжтой болсон юм. Минаевын орос орчуулга нь Рустичелло-гийн “хуучин франц дээрх” гар бичмэлд тулгуурласан хэмээн дээрх номын өмнөх үгэнд дурдсан байдаг. 2019 онд МУИС-ийн ивээл дор Г.Бат-Учрал, Элизабета Раганин нар мөнөөх Рамюзио-гийн хувилбарыг итали хэлнээс орчуулж “Марко Поло-гийн аялал” нэрээр хэвлэн гаргасан нь манай судлаач, уншигчдын хувьд нэн олзуурхууштай буюу.

Аливаа түүхэн “оршихуй” заавал хоёр талтай гэнэ. Марко Поло-гийн хүүрнэл ч мөн үнэн, худлын дэнсэн дээр анхнаасаа дэнжгэнэсээр ирсэн юм. Английн номын санч, түүхч эмэгтэй Франсис Вүүд 1995 онд “Did Marco Polo go to China?” хэмээх номоо бичиж гаргаснаар олон жилийн турш цурамлаж асан маргаан огцом амилж, дээд цэгтээ хүрэн алдсан байдаг. Тэрбээр өмнөө Херберт Франке зэрэг судлаачдын сөхөж байсан асуудлууд, тухайлбал Марко-гийн дурсамжnд хятадын Цагаан хэрмийн талаар огт дурдаагүй, аялж зорчсон зарим нутаг орны нэр ус нь таарахгүй, бүр олдохгүй ч байгаа гэх зэргийг үндэслэн энэ даяарын хамгийн алдартай адал явдалт аянчин, газар зүйч, түүхч, эцэст нь наймаачныг маань ихээхэн “эргэлзээтэй этгээд” болгох оролдлого хийжээ. Гэвч уг маргаан поло судлаачдын дийлэнх олонхын няцаалт төдийгүй, ном дор сүсэглэгч өргөн олны үл тоомсорлох хатуу ханатай тулгаран түр ч атугай намжаад байна.

Марко Поло-гийн “өгүүлж чадаагүй хагасыг” уудлан сэргээж болдогсон бол “үнэн, худлын дэнс” аль тал руугаа хэлбийхсэн бол оо?

 

Х.Бэхбат /Ph.D/