Уншиж байна ...

"2023 онд дарангуйлал нэмэгдсэн гэж дүгнэсэн. Хэн нэгэн албан тушаалтан гудамжаар хүн загнаад явдаг нь ердийн үзэгдэл болсон"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2023/2024 тайлан" танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Уг судалгаа нь дэлхийн 155 орны хүний эрхийн нөхцөл байдлыг гаргадаг бөгөөд 1,500 гаруй судалгаа дээр үндэслэдэг аж. 

Өнгөрсөн онд дэлхий дахинаа хүний эрхийн томоохон ухралтууд болж, биднийг 1985 оноос ч өмнөх үе рүү аваачсан гэдгийг Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага судалгаагаараа гаргаж ирсэн байна. 

Уг тайланг танилцуулсан Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагийн илтгэлээс дараах зүйлсийг онцолж байна. 


"Зэвсэгт мөргөлдөөнүүдийг шийдэж чадахгүй бол 1948 оноос ч өмнөх үе рүү гээ очиход ойрхон байна"

Дэлхий дахинд улам бүр нэмэгдэж байгаа болон 20-30 жилээр сунжирч байгаа зэвсэгт мөргөлдөөнийг олон улсын тогтолцоо нь шийдэж чадахгүй бол ирэх жилүүдэд 1948 оноос ч өмнөх үе рүү гээ очиход ойрхон байна гэдгийг судалгааны үр дүн харуулсан байна. 

"Хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг хяналт, хууль эрхзүйн зохицуулалтгүйгээр нэвтрүүлсэн нь хүний эрхийн зөрчлүүдийг хурцатгасан" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 онд хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ямар ч хяналт, хууль эрхзүйн зохицуулалтгүйгээр амьдралд нэвтрүүлсэн нь маш олон талбарт технологитой холбоотой хүний эрхийн зөрчлүүдийг хурцатгасан. 

Энэхүү технологитой холбоотой хүний эрхийн зөрчилд олон нийтийг нийтээр нь тандах, тагнах технологиуд. Үзэн ядалтыг дэвэргэсэн, хуурамч мэдээллийг түгээсэн зэрэг технологитой холбоотой хүний эрхийн зөрчил маш ихээр гарсан. Иймд улс орнууд технологийн хэрэглээг яаралтай шийдвэрлэж зохицуулах. Шинээр нэвтэрч байгаа технологийн үр дагавар, хүний эрхийн үнэлгээг хийхгүйгээр нэвтрүүлэхгүй байх зайлшгүй шаардлага тулгарч байна гэв. 

"Тагнаж, чагнах төхөөрөмж, программ хангамж монгол улсад хэрэглэгдсээр байгаа талаар хөндсөн..."

Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагын хийсэн "Предатор файлууд 2023" судалгаанд дэлхий дахинд хууль сахиулах байгууллага болон зах зээлд нийтээр нь тагнаж, чагнадаг тоног төхөөрөмж ямар ч хяналтгүйгээр худалдаалагдаж байгаа талаар хөндсөн байна. Судалгаанд уг төхөөрөмж, программ хангамжаар сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн, улс төрчид сөрөг хүчнээ тагнаж, чагнаж байгаа талаар хөндсөн байна. 

Харамсалтай нь уг программ хангамж монгол улсад мөн хэрэглэгдсээр байгаа талаар дурдагджээ. 

Предатор файлууд: Торонд баригдсан нь 2023 судалгаанд "...Судан, Мадагаскар, Казахстан, Монгол, Египет, Индонези, Вьетнам, Ангол зэрэг улсуудад Предатор программын хэрэглэгч байгааг эсвэл эдгээр улс оронд хувь хүмүүсийг тандаж байж болзошгүйг харуулж байна." гэжээ. 

Иймд монгол улсад хүний эрхийн үнэлгээ хийхгүйгээр нийгмийн халамжийн систем, хууль сахиулах байгууллагад хэрэглэхийг эргэж харж, зохицуулах шаардлагатай байна гэв.  

"2023 оныг  дарангуйлал, захиргаадалтыг улам нэмэгдүүлж, иргэдийн орон зайг хумьсан жил гэж дүгнэсэн"

2023 оныг дарангуйлал, захиргаадалтыг улам нэмэгдүүлж, иргэдийн орон зайг хумьсан жил гэж Эмнэсти Интернэшнл байгууллага дүгнэсэн. Энэ дүр зураг манай улсад тод томруун харагдаж байгаа. Хэн нэгэн албан тушаалтан гудамжаар хүн загнаад л явж байдаг наад захын захиргаадалтын хэм хэмжээ ердийн үзэгдэл болсон байна гэдгийг тэрбээр онцлов. 

Дэлхий дахинаа эрх мэдлийн төлөө буруугаа бусад руу чихсэн. Иргэдийг талцуулсан бие биеэр нь үзэн ядуулж, айдаст автуулсан "Зохиол" яриа хэлэлцүүлгийг өрнүүлсэн жил байлаа. Үүний хохирогч нь охид эмэгтэйчүүд нийгмийн гадуурхагдсан бүлгүүд байна. 

Түүнчлэн КОВИД-19-өөс эхлээд уур амьсгал, улс төр, эдийн засгийн хямралуудаас болж бага орлоготой улсуудын 60 гаруй хувь нь өрийн хямралд өртөж, маш олон мянган хүн эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ эдлэх боломжгүй болоод байна гэлээ.