Уншиж байна ...

ИНФОГРАФИК: Энэ онд дэлхийн аялал жуулчлалын салбар оргилдоо хүрч, нийт жуулчдын тоо 1.53 тэрбум болох тооцоолол гарчээ

Б.Энхмарал, iKon.mn
2024 оны 3 сарын 20
IKON.MN

Түүх соёлын дурсгалт газрууд, сайхан байгаль, өвөрмөц соёл, хот тосгод, өөр өөр содон мэдрэмж… Энэ бол дэлхий даяарх сая сая хүний аялах шалтгаан.

Дэлхийн эдийн засгийн төлөв (WEO) тайланд өнгөрөгч оны дэлхийн эдийн засгийн сэргэлтэд аялал жуулчлалын салбар чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод энэ онд ч мөн аялал жуулчлалын сэргэлт хэвээр үргэлжлэх төлөвтэй байгааг дурджээ.

2023 онд дэлхий даяар нийт 1.3 тэрбум жуулчин гадаад улс руу зорчсон нь цар тахлаас өмнөх үе буюу 2019 онтой дөхөж очихуйц үзүүлэлт болсон юм.

Тэгвэл НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын төсөөллөөр 2024 онд дэлхийн нийт жуулчдын тоо 1.53 тэрбумд хүрч, 2019 оныг гүйцнэ гэв.

зураг
 
Эх сурвалж: graveltravel

Аялал жуулчлалын салбар хаашаа чиглэж байна вэ?

2019 онд оргилдоо хүрээд байсан дэлхийн аялал жуулчлалын салбар КОВИД-19 цар тахлаас шалтгаалан уналтад орсон ч өдгөө буцаад хэвийн байдалдаа шилжиж байна. 

Жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг Франц, Испани, АНУ зэрэг орнууд энэ жилийн хувьд ч хамгийн олон жуулчныг хүлээн авах төсөөлөлтэй хэвээр байгаа юм. Ялангуяа энэ онд Парис 2024 зуны олимпын наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Франц улс 100 саяас дээш жуулчин хүлээн авна гэсэн тооцоог гаргажээ.  

Европын орнууд ямагт аялал жуулчлалын эрэлттэй бүс нутаг байсаар ирсэн ба энэ чиг хандлага цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.

Гэхдээ ОХУ-ын хувьд Украины эсрэг явуулж буй дайнтай холбоотойгоор жуулчдын тоо эрс буураад байгаа бөгөөд 2023 онд хүлээн авсан жуулчдын тоог нь 2019 онтой харьцуулахад гурав дахин цөөн байгаа юм.

Ойрх Дорнодын бүс нутаг аялал жуулчлалын шинэ төв болох хандлага өнгөрөгч 2023 оноос ажиглагдаж эхэлжээ. Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб улсууд л гэхэд 2023 онд хамгийн их жуулчин хүлээн авсан эхний 20 улсад багтсан байна.

График №1. Хамгийн их жуулчин хүлээн авсан дэлхийн 20 улс /2019-2023 он/

Харин Монгол улсын хувьд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Нэг жуулчин-Нэг хонь”, “Go MonGOlia” зэрэг хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй.

Монголд зочлох жилийн хүрээнд Монгол улс 2023 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байсан боловч нийт 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ. 

ҮСХ-ны тайланд дурдсанаар манай улсад БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ-ын жуулчид хамгийн их ирдэг. БНСУ-ын иргэд манай улсад визгүй нэвтэрдэг болсноор жуулчлах хандлага цар тахлын өмнөх үеийнхээс ч нэмэгдэж байгаа бол ОХУ-ын Украинд явуулж буй дайнаас шалтгаалан манай улсад ирэх ОХУ-ын иргэдийн тоо 2023 онд 2019 оныхоос 45%-аар өссөн байна.  

График №2. Монгол Улсад ирсэн нийт жуулчдын тоо /2019-2023 он/

График №3. Монгол Улсад хамгийн ихээр зорчдог орнууд /2019-2023/

Ташрамд дурдахад сүүлийн арваад жилд үе үеийн сайд, дарга нар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбарын нэг болгож, Монголд ирэх жуулчдын тоог 1 саяыг давуулна гэсэн байдаг.

Тухайлбал 2015 онд хотын дарга асан Э.Бат-Үүл 2030 он гэхэд Улаанбаатар хот жилдээ 5 сая жуулчин хүлээн авдаг болох амбицтай тухайгаа ярьж байсан бол БОАЖ-ийн сайд асан Н.Цэрэнбат 2020 он гэхэд Монгол улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилтыг дэвшүүлсэн хэмээн хэлж байв.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Монгол улсад 400 сая жуулчин ирэх боломжтой гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байсан юм.

Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьсан байна.