Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

3-12 дугаар ангидаа "Pearson" хөтөлбөрөөр англи хэл үзэж төгсөхөд IELTS-ийн 6.5-7 оноо авах боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний "Pearson", математикийн "Eduten" гэх хоёр шинэ хөтөлбөр нэвтэрсэн.

Ингэснээр сурагчид илүү сонирхолтойгоор хичээлээ хийх болж, багш нар ачаалал бага ч гэсэн хөнгөрч байна.

Үүнээс англи хэлний "Pearson" хөтөлбөрийг онцлон танилцуулъя.

Дэлхий нийтээр англиар ярьж, шинжлэх ухаан, технологийн бараг бүх мэдээлэл уг хэл дээр гарч байхад манай улсын иргэнд англи хэлний мэдлэгээрээ 111 орноос 72 дугаарт эрэмбэлэгдэж буй. Хэдийгээр ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас эхлэн англи хэлний хичээлийг нийтээр нь судлуулдаг боловч энэ хангалтгүй байгааг дээрх үр дүн илтгэж байгаа юм. Иймээс хөтөлбөрийг шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. 

Ялангуяа хувийн хэвшлийн буюу төлбөрт сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж байхад төрийн өмчийн сургуулиуд тавдугаар ангиасаа, тэгэхдээ зөвхөн сурах бичигт суурилан үзэж байгаа нь тэгш бус байдлыг улам лавшруулсан гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз ээ.

Тэгвэл энэ хичээлийн жилээс 5-6 дугаар ангийнхан англи хэлний хичээлээс 100 хувь "Pearson" хөтөлбөрийн дагуу судалж байна. Энэ нь сурах бичгээс гадна гар утас, таблет зэрэг аль ч төрлийн төхөөрөмж дээр ажиллах боломжтой платформтой юм байна. Үүнд сурагчид бүртгүүлэн нэвтэрч, англи хэлний интерактив хичээлүүдээ гүйцэтгээд явна. Ингэхдээ ямар төрлийн даалгавруудыг хэр хэмжээнд гүйцэтгэж байгаа нь, шалгалтын оноо, аль ур чадвар дээрээ илүү ажиллах шаардлагатай байгааг нь хянах боломжтой юм байна. 

Мөн давхар багш нарыг ч чадавхжуулж, багш сурагчид хамтдаа суралцах боломжтой болжээ.

Интернэтгүй үед ч ажиллах боломжтой дасгал даалгаврууд бий

Энэ хичээлийн жилд 5, 6 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь Pearson хөтөлбөрийн дагуу үзэж байгааг дээр дурдсан. Харин ирэх хичээлийн жилд 3-7 дугаар ангийнхан, 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 ангийн сурагчид бүгдээрээ энэ хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзнэ.

Техник технологи хөгжиж, юмс илүү сонирхолтой болж байгаа боловч нөгөө талдаа "Digital divide" буюу дижитал хуваагдал үүсэж байгаа. Боломжтой нь технологийн үр шимийг илүү их хүртэх бол түүнээс хол байдаг нь бүр ч хоцрогдсоор байна. Иймд орон нутгийн сургууль, хотын захын хэсгийн сурагчдад хэрхэн хүргэж байгаа талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "IEDC - Pearson partner Mongolia"-гийн захирал М.Найдалмаагаас тодруулахад "Платформ дээр дасгалуудыг татаж аваад интернэтгүй үедээ ашиглах боломжтой. Манай хөтөлбөрийг ерөнхий боловсролын агуулгад нэвтрүүлэхээсээ өмнө хот, хөдөөгийн 38 сургуульд туршсан. Үүний үр дүнг харвал сумдын сургууль, хотын захын сургуулийн сурагчдад маш их ахиц гарсан.

Хөтөлбөрийг дагаад багш нар маань ч маш сайн чадавхжиж байна. Мөн Лхагва гараг бүрд багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Хүсвэл багш бидэнтэй утсаар эсвэл ZOOM-ээр холбогдон туслалцаа авах нь нээлттэй" гэж байв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

38 сургуульд хөтөлбөрийг хэрэгжүүлэн туршихад 29 орчим хувьтай байсан сургалтын түвшин 40 гаруй хувь руу өссөн. Ялангуяа хотын захын сургууль, сумдын сургууль ахиц илүү тод ажиглагдсан гэж байлаа. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ерөнхий боловсролын сургуулиудын интернэтийн хурд, чанарыг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хавар гэхэд орон нутгийн сургуулиудын интернэт харьцангуй сайжирч, шинээр нэвтэрсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ямар нэг саадгүй болно гэдгийг албаны хүн мэдэгдэв.

Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэг хүүхдэд оногдох зардал нь жилийн 7.8 евро

"Pearson" болон "Eduten" хөтөлбөрүүд тусгай гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр хэрэгждэг. Тухайлбал "Pearson" хөтөлбөрийн нэг хүүхдэд оногдох өртөг нь жилийн 7.8 евро буюу 30 орчим мянган төгрөг байгаа юм. Энэ хэмжээний мөнгөөр ирээдүйд хэрэглээ нь улам ихсэж байгаа англи хэлийг сургаж байна гэсэн үг.

Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын хэлтсийн дарга Б.Лхагвабаяр "Англи хэлний мэдлэг, ур чадварыг шат дараатайгаар ахиулах бодлогыг баримталж байгаа. Бидний зорилго, хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн бол 12 дугаар ангиа төгсөж байгаа сурагч гадаадын аль ч сургуульд суралцаж чадахуйц хэмжээний англи хэлний мэдлэгтэйгээр төгсгөх" хэмээн онцолсон юм.

Сурах бичгүүдийн ард тухайн номыг үзэж судалж дууссанаар ямар түвшний мэдлэг эзэмшсэн байх нь гардаг байна. Үндсэндээ 3-12 дугаар ангидаа уг хөтөлбөрийн дагуу англи хэл судалсан сурагч IELTS-ын 6.5-7 оноо авах хэмжээний түвшинтэй болно гэдгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас тодотгож байна.

Мөн дэлхийн иргэний ур чадварууд буюу

  • шүүмжлэлт сэтгэлгээ
  • бүтээлч сэтгэлгээ
  • харилцааны ур чадвар
  • бусадтай хамтран ажиллах ур чадвар зэргийг хөгжүүлэх зорилгоор дасгал даалгаврууд нь зохиогддог гэдгээрээ тун онцлогтой.

Тэгш бус байдлыг бууруулах гарц

Багш сургалтын төлөвлөгөө, дасгал даалгавар, шалгалтын материал бэлдэх шаардлагагүйгээр тухай бүрийг нь 40 минутаар төлөвлөсөн хичээлээ орж, сурагчидтайгаа хамтарч ажиллах нь тэдний ачааллыг хөнгөлж байгаа хэрэг. Мөн сурагчдын ахиц, бие дааж хэр ажиллаж байна, аль төрлийн даалгавар хийхдээ сайн байгааг, алинд нь илүү анхаарах хэрэгтэй гээд бүх төрлөөр нь хянах боломжийг багшид олгодог нь энэ хөтөлбөрийн бас нэг онцлог юм. 

Энэ мэтчилэнгээр төлбөрт сургуулиудад л хэрэгждэг байсан олон улсын хөтөлбөрүүд бүх нийтээрээ үзэж судлах боломжтой болж байгаа нь тэгш бус байдлыг бууруулах нэг гарц, шинэ үеийн сурагчдын сонирхлоор нь дамжуулан хөгжүүлэх боломж нь болж байна.