King Richard: -Чи хэнтэй адилхан тоглодог болмоор байна? -Бусад хүмүүс надтай адилхан тоглохыг хүсдэг болгоно оо
Теннисийн спортын түүхэн дэх хамгийн алдартай эгч дүүс Серена Уиллямс, Винус Уиллямс нарын амьдрал, спортын замналыг хүүрнэсэн “Raising Tennis Aces: The Williams Story” (2002), “Venus and Serena” (2012), “Unraveling Athena” (2018) зэрэг олон баримтат кино бий. Харин 2021 онд Уиллямсын гэр бүлийнхний тухай анхны бүрэн хэмжээний уран сайхны кино гарсан нь найруулагч Рэйнальдо Маркус Грийний “King Richard” кино билээ.
“King Richard” кино агуу тамирчдын тухай бус, харин агуу тамирчдыг өсгөж хүмүүжүүлсэн гэр бүлийнх нь тухай хүүрнэдэг. Аав Ричард нь охидоо төрөхөөс ч өмнө тэдний амжилтын төлөвлөгөөг бичээд боловсруулчихсан байжээ. Түүний бичсэн 78 хуудас төлөвлөгөөний дагуу Винус, Серена хоёр дэлхийн теннисийн спортын түүхийг донсолгосон агуу тамирчид болох ёстой аж. Гэвч Ричард болон түүний эхнэр Брэнди нарт мэргэжлийн дасгалжуулагч хөлслөх, чанартай тоног хэрэгсэл авах мөнгө хомс билээ. Ричард охидынхоо чадварыг гэрчлэхүйц бичлэг, брошюр бэлтгэн алдартай дасгалжуулагчдын хаалгыг ээлж дараалан тогшино. Аав, ээжийнх нь шаргуу зүтгэл, цөхөршгүй итгэл найдвар, охидын тууштай хөдөлмөр нэгдсэнээр өнөө 78 хуудаст төлөвлөгөө биелж эхэлдэг. Гэвч гоц авьяас, шаргуу хөдөлмөр, хатуу чанга зарчим гэдэг нь “King Richard” киноны гол сэдэв биш юм. Ер эл кино агуу өрсөлдөгч бэлтгэх тухай бус, харин бүрэн төлөвшсөн ухамсарт хүн бэлтгэх тухай л өгүүлэх билээ.
“King Richard”-г ихэвчлэн спортын кино, намтарчилсан кино зэргээр л тодотгоцгоож байгаа. Харин миний хувьд эцэг эхчүүдэд зориулсан сурах бичиг шиг л кино байлаа. Хүүхдээ төрөхөөс ч өмнө амьдрал, амжилтыг нь төлөвлөчихсөн гэхээр Ричард бол хүүхдээ хүүхдээр нь байлгадаггүй, элдэв дугуйлан, сургуулилалтаар хэтрүүлэн шахдаг, үргэлж хамгийн шилдэг нь байхыг шаарддаг эцэг эхчүүдийн нэг юм байна гэх бодол киноны эхэнд төрнө. Гэвч киноны туршид энэхүү бодол аажим замхрах юм. Ялангуяа тэмцээний хэсгүүд дээр Ричард болон бусад эцэг эхчүүдийн эсрэгцэл хүчтэй мэдрэгддэг.
Бусад эцэг эхчүүд хүүхдээ ёс бусаар шахаж шаардаж, сэтгэлзүйн хэтийдсэн дарамт үзүүлж, хямдхан өрсөлдөөнч сэтгэхүйтэй хүн болгож байхад Хаан Ричард жинхэнэ тамирчны төлөвшилтэй, ухамсарт сэтгэхүйтэй хүн бэлтгэж буйг бэлхнээ ялган таньж болно. Тэрээр охиддоо даруу төлөв, хүлцэнгүй, эгэл эелдэг байх тухай спортоор дамжуулан зааж сургадаг. Охидоо том тэмцээний дарамтаас хол байлгаж, бие хүний төлөвшлийг нь спортын амжилтаас дээгүүрт тавьж, охидынхоо хүүхэд насыг нандигнан хүндэлж буй нь Ричардыг зүгээр нэг сайн дасгалжуулагч бус, гайхалтай аав гэдгийг харуулж байлаа. Хангалттай чадвартай ч гэлээ сэтгэлзүйн хувьд бүрэн төлөвшөөгүй өсвөрийн одод магтаал сайшаалд умбаж, олны анхаарлын төвд ороод ирэхээрээ эвдэрч, замаа алдах магадлалтай байдаг.
Харин Ричард Винус, Серена хоёрыг сэтгэлзүйн хувьд бэлэн болсных нь дараа л сая нэг том тэмцээнд оруулдаг. Тиймээс ч Винус, Серена хоёр биеэ барих, сэтгэл хөдлөлөө хянах, эсрэг тамирчнаа хүндэтгэх, хожигдлоос эргэн ирэх чадварыг эзэмшиж, хоромхон зуур харваад өнгөрөх од бус, түүхийн хуудсанд тамгалагдсан эрхэм хүмүүс болж үлдсэн биз ээ.
Рейнальдо Маркус Грийний хамгийн том онцлог нь хүүрнэл байдаг. Сайн хүүрнэл хийдэг учраас үзэгч тухайн дүрийг өөриймсгөөр хүлээн авах, нөхцөл байдалд өөрийгөө орлуулж үзэх боломжтой болдог. “King Richard” киноны хувьд ч мөн адил. Сайн хүүрнэл, эгэл энгийн байдал нь үзэгчтэйгээ гүн харилцаа үүсгэж чадсан байв. Ричард, Брэнди хоёрыг төгс аав, ээж болгож дэвэргэн хэтрүүлээгүй нь ч сайшаалтай. Тэд алс хэтийн төлөвлөгөөтэй, охидоо дэмжиж хайрладаг ч гэлээ хааяа хэрүүлтэй, өнгөрсөнд үлдсэн ичгүүрт нууцуудтай, өөр өөрийн дутагдал, сул талтай хүмүүс гэдгийг харуулсан тул үзэгчид болон дүрүүдийн хооронд яг нэг түвшний харилцаа үүсэж байлаа.
Мөн энэ жилийн Оскарын наадмын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн Уилл Смит тэргүүтэй жүжигчдийн бүрэлдэхүүнийх нь тухай ярихгүй байхын аргагүй билээ. Уилл Смит жинхэнэ амьдрал дээр ч эцэг хүн, хүүхдүүдийнхээ урлагийн авьяас чадварыг ч ихээр дэмжиж тусалдаг нэгэн. Энэ утгаар Уилл Смитэд дүрээ ойлгох, дүрдээ хувилах явц нь илүү ойр туссан байх. Жэк Николсон сэтгэцийн өөрчлөлттэй дүрүүдээрээ алдартай байдаг шиг Уилл Смит шаргуу, цөхөршгүй аавын дүрээр алдаршиж буй мэт санагдсан даа.
“King Richard” киноны аавын дүр нь алдарт “The Pursuit of Happyness” киноны аавын дүрийг эрхгүй санагдуулна. Эл хоёр цөхөршгүй, итгэл найдвараа үл алдах, хөдөлмөрч эцгийн дүрийг хоёуланг нь Уилл Смит бүтээлээ шүү дээ. Мөн өнөө цагийн хамгийн гайхалтай эмэгтэй жүжигчдийн нэг Эллис Онжанюгийн тоглолтыг дурдахгүй өнгөрөөх аргагүй. “King Richard” кино Ричардын дүр дээр хэт төвлөрөөд, гэр бүлийн бусад гишүүдийн дүрийг умартсан бол хэтэрхий аргуу болохоор байлаа. Харин Эллис Онжанюгийн бүтээсэн Брэндигийн дүр нь уг кинонд илүү амьд мэдрэг, гэр бүлсэг, дотно уур амьсгал авчирчээ.
Спортын киноны зураглалууд үнэхээр сэтгэл бахдам байдаг. Хувцас нэвчсэн хөлс, тамирчны амьсгалын хэмнэл, гүн төвлөрсөн харц, хурдтай, хүчтэй хөдөлгөөн гээд… энэ бүхнийг кино зураглалд буулган харахад үзэгч өөрөө гүйж хараймаар санагдаж, догдлох нь ч бий. Харин “King Richard” кинонд спортын сэтгэл хөдөлгөм зураглалууд дутагджээ. Үүнийг найруулагчийн хүүрнэх онцлог, үйл явдлын динамик, зураглаачийн ажиллагаатай холбож тайлбарлавал зохино. Харин намтарчилсан кино талаасаа, Серена, Винус хоёрыг продюсерын багтаа багтаан, бодит зөвлөгөө аван ажилласан тул түүхийн гуйвуулгагүй, тулхтай өгүүлэмжтэй болжээ. Ямартаа ч кино урлаг гайхалтай тамирчдын түүхийг уран сайханжуулж авч үлдэж чадлаа. Кино бол цаг хугацаа болоод түүхийг дүрсжүүлэн гэрчлэх үүрэгтэй урлаг. Харин Уиллямсынхны гэр бүл кино урлагт гэрчлэгдэж үлдэх үнэ цэнтэй түүхийг үлдээсэн хүмүүс билээ.
Нийтлэл бичсэн: Н.Өнөржаргал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
