Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"ХАА-н бирж, брокерууд шимтгэл авдаг ч улсын төсөвт татвар төлдөггүй"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын 20 гаруй үйлдвэр Итали, Хятад, Англи, Солонгос, Япон зэрэг оронд ноос, ноолуураа экспортолдог байна. Ингэхдээ ХАА-н биржээс “Биржээр арилжаалагдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг авдаг аж. Энэ тодорхойлолт нь 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.

Компаниуд энэхүү тодорхойлолтоо авахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг ч бирж болон брокерийн компаниудаас ноос, ноолуурыг гаргахдаа ангилан ялгах, угаах, боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээг авдаггүй, өөрсдөө хийлгэдэг аж.

Хөдөө аж ахуйн бирж болон брокеруудын хууль бус ажиллагааны тухай гомдол Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд /МХЭАХНҮХ/ иржээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал О.Нарантуяа "Экспортлогчид 2016 онд угаасан 5,400 тонн, боловсруулаагүй 7,700 тонн ноолуурт тодорхойлолт авахын тулд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг бирж, брокеруудад төлсөн. Энэ шимтгэлээс Санхүүгийн зохицуулах хорооноос эхлээд ХАА-н бирж, брокерууд хувь хүртдэг.

2017 онд түүхий ноолуурын бэлтгэлийн үнэ нэг кг ноолуур 95,000-102,000 төгрөг болтлоо өссөн. Гэвч өнөөдрийн ханшаар ноолуурын үнэ 65,000-67,000 төгрөг байгаа. Харин ХАА-н бирж тодорхойлолт олгохдоо нэг кг ноолуурын үнийг 85,600 төгрөгөөр тооцож байна. Ингэснээр 20 тоннын нэг контейнер ноолуураас 14 сая төгрөгийн шимтгэлийг ХАА-н бирж авч байгаа гэсэн үг.

Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед экспортлогч компаниудаас ямар ч зардал гаргаагүй атлаа авсан шимтгэлийн орлогоосоо улсын төсөвт огт татвар төлдөггүй, зардлаа хуурамчаар өсгөж, байнга алдагдалтай тайлан гаргаж ирсэн байна" гэлээ.

Засгийн газрын 2015 оны 330 тоот тогтоолоор ХАА-н биржийн хувьцааны эзэмшлийг өөрчилж, 34 хувийг Монголын төр, 66 хувийг Хонг Конгийн хөрөнгө оруулагчид худалдсан байна. Өөрөөр хэлбэл, экспортлогчдоос авч буй тэр их мөнгө улсын төсөвт ордоггүй байна. Дотоодын компаниудаас авч буй орлогын ихэнх хувь Хонг Конгийн хөрөнгө оруулагчийн данс руу ордог байна. 

Энэ байдлыг таслан зогсоох, өөрчлөх зорилгоор экспортлогч хил дээр нэг кг ноолуураас 8,000 төгрөгийн шимтгэл авах саналыг удаа дараа гаргасан ч хэн ч дэмжээгүй гэдгийг О.Нарантуяа хэлж байлаа. Хэрвээ хил дээр 8,000 төгрөг авбал улсын төсөвт жилд 32 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог гаргажээ.

Энэ асуудал зөвхөн ноос ноолуур экспортлогчдод тулгардаггүй байна.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Бид малчдаас арьсыг ноос, ноолууртай нь худалдаж авч байгаа. Тэгээд угааж, боловсруулаад гаднын зах зээл рүү гаргадаг. Харин гадагш нь гаргахад ХАА-н биржээр худалдаалсан байх ёстой гэсэн журамтай. ХАА-н биржээс худалдаа хийсэн гэх бичиг худалдаж авч байгаа нь үйлдвэрлэгчдийг хүссэн, хүсээгүй татвараас зайлсхийх байдалд хүргэж байна.

Энэ талаар бид ХХААХҮЯ, ХАА-н биржид олон удаа хүсэлт тавьсан ч өөрчлөгдөөгүй. Энэ тогтолцоог арилгахгүй бол болохгүй байна. Өөрөөр хэлбэл, малчны авах мөнгийг ХАА-н бирж гэсэн нэрийн дор компьютерын ард суусан хэдэн нөхөд аваад байна” гэв.