Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч 18 жилийн дараа манай улсад зочлох гэж байна

ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойш хоёрдахь удаагийн томоохон айлчлал юм.

Айлчлалын зорилго нь Монгол, Хятад хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахад оршиж байгаа юм.

Мөн энэ үеэр БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Хятадын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар нээлттэй лекц зохион байгуулах юм.

Хятадын Шинжлэх ухааны Академийн төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчөөс гадна Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны  хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао,  Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг  Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг  нар багтаж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нарт бараалхах бөгөөд Монгол Улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад зочилж, байгалийн шинжлэх ухааны хөгжлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, судалгаа хөгжлийн шинэ чиглэлүүд, боломжуудын талаар харилцан санал бодлоо солилцох юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны Академи