Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгостой дайн хийх санаанаасаа Трампын баг ухарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Адмирал Харри Харрис

Өчигдөр Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах болон Ардчилсан Намын сенаторуудыг урьж өөрийн багтай хамт уулзалт хийсэн байна. Трампын багт батлан хамгаалахын сайд, төрийн нарийн бичгийн дарга, армийн генералууд, тагнуулын албаныхан багтаж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.

Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн сүрдүүлэг, заналхийллийн дараа Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд Трамп эдийн засгийн хориг, дипломат шахалт үзүүлэх аргуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан байна. Эдгээр арга хэмжээг авахдаа өөрийн холбоотнууд, бүс нутгийн түншүүдтэй хамтран ажиллах гэнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цэрэг, зэвсгийн ажиллагаа огт дурдагдаагүй боловч АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахаа илэрхийлсэн байна.

Номхон Далайн командлагч, адмирал Харри Харрис хэлэхдээ Ким Жон Уныг “өвдөг сөхрүүлэх” нь гол зорилго биш, харин “мэдрүүлэх”-ийг хүсэж байгаагаа хэлжээ.

Тэрээр Пьёньян-Вашингтоны хооронд үүссэн сөргөлдөөнийг намжаахын тулд Бээжингийн гаргасан зүтгэлийг өндрөөр үнэлж, цэрэг дайны бус шийдэл цаашдаа голлоно гэсэн байна. Хойд Солонгост дарамт шахалт үзүүлэхээр илгээсэн гэгддэг USS Carl Vinson тэргүүтэй цохилтын бүлэглэл одоогоор Окинава арлын зүүн хэсэгт, Филиппиний тэнгист байрлаж байгаа ба шаардлага гарвал Хойд Солонгост цохилт өгөх хэмжээний зайд ойртоход бэлэн байгаа гэжээ.

Уг бүлэглэлтэй хамтарсан сургуулилалт хийх Японы тэнгисийн хүчний төлөвлөгөө ч цуцлагдсан байна.

Хэсэг хугацаанд үргэлжилсэн АНУ-Хойд Солонгосын сөргөлдөөн ийнхүү намжих талдаа оржээ.

Мягмар гарагт Хойд Солонгос ардын армийн 85 жилийн ойгоо тэмдэглэхдээ том хэмжээний цэргийн сургуулилалт хийж, 300 гаруй их буугаар зэрэг гал нээн, шумбагч хөлгөөс бөмбөг харваж үзүүлсэн юм. Харин өчигдөр Өмнөд Солонгос АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтаа зохион байгуулахад 100 их буу, 90 хуягт машин, 50 нисэх онгоц, 2,000 цэрэг оролцуулсан байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
10 | 4 | 3 цаг