Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

“100 айл”-ын барилгын төвийг хэзээ татан буулгах вэ?

С.Уул
2017 оны 4 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Өнгөрсөн 2013 онд гарсан захуудыг нүүлгэх захиргааны шийдвэр хаана, хэн гэдэг дарга дээр очоод гацчихав аа-  

Өнгөрсөн 2012 оноос 100 айл орчмыг орчин үеийн хороолол болгоно гэж ярьж эхэлсэн ч үүнээс зөвхөн долоодугаар хорооллыг л орон сууцжуулжээ. Тэгвэл үлдсэн хэсгийг нь хэзээ орон сууцжуулах вэ гэж тэр хавийн оршин суугчид чих тавин хүлээж сууна. Өмнөх хотын удирдлагууд 100 айлын гэр хороолол болон тус газарт байрлалтай барилгын төвүүдийг газрын хөрснөөс арчиж, орчин үеийн барилга байгууламж барина хэмээн том том амлаж байсан нь ийнхүү тоос болон замхарчээ.

Тэгвэл одоогийн хотын удирдлагуудаас 100 айл орчмын барилгын төвүүдийг хэзээ нүүлгэж, иргэдээ ая тухтай орон сууцад оруулах вэ гэж асуумаар байна. Мэдээж тус газарт амьдардаг олон мянган оршин суугч үр хүүхдээ өвчин зовлонгүй өсгөхийн тулд гэр хорооллоос салж, орон сууцад орохыг мөрөөдөж байгаа нь ойлгомжтой. 

Гэтэл төр засаг хүчгүйгээ харуулж буй мэт иргэдийн үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрын асуудал хэдэн тэрбумаар яригдах учраас нүүлгэх шийдвэрийг гаргаж чадахгүй байна хэмээн мэдэгдэж байгаа нь хачирхалтай. Уг нь тэнд цөөхөн хэдэн тооны хөрөнгөтөн бусдад лангуугаа түрээслүүлж, сул мөнгө олж байгаа нь бодит үнэн. 

Гэтэл барилга байшин барьж, засаж, буулгаж, нурааж байгаа хэн бүхэн хотын төвд орших энэхүү давчуу нарийхан гудамжийг л зорьсоор олон жилийн нүүр үзлээ. Барилгын материал худалдаалж, олон хүний амь амьжиргаагаа залгуулдаг энэхүү зах нь замын хөдөлгөөний түгжрэлтэй гол хэсгүүдийн нэг.

Тэнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр павильонууд машины зогсоол багатайгаас нарийхан хоёр эгнээтэй замын нэг нь машины зогсоол болчихоор түгжрэл үүсэхээс ч аргагүй. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд ачилтын арга хэмжээ авч байсан ч нэгэнт зогсоолгүй болсон ийм орчинд байнга ачих нь оновчтой шийдэл биш болж хувирсан. 

100 айлын барилгын төв даваа гарагт амардаг. Энэ өдөр уг замын ачаалал хэд дахин багасч, ямар ч саадгүй зорчдог байна. Мөн тус газарт байрлалтай төрийн байгууллагууд барилгын захтай хаяа нийлүүлэн оршдог нь асуудлыг улам ч хүндрүүлдэг аж. Тиймээс энэхүү захыг нүүлгэх шаардлага эн тэргүүнд тавигдаж буйг хэлээд буй хэрэг.

Хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа 100 айлын барилгын материалын ил задгай худалдааг хотоос яаралтай гаргаж, тус захтай ойролцоо амьдардаг олон мянган оршин суугчийн эрх ашгийг нэн түрүүнд бодолцох ёстой.

Хэрвээ тус захыг нүүлгэлээ гэхэд худалдаачид хотын төвд байрлалтай барилгын төвүүдэд лангуу түрээслээд худалдаа наймаагаа эрхлээд явах нь ойлгомжтой. 

Бид энэ сэдвийн хүрээнд Хот дахин хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, архитектор н.Наранцэцэгтэй холбогдож, 100 айл орчим барилгын төв гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэзээ хамрагдах талаар асуухад “Одоогоор дахин хөгжүүлэх хэлтэс дээр 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгээд дахин төлөвлөлтөд хамруулна гэсэн зүйл алга. Хамгийн гол нь тус газрыг дахин төлөвлөлтөд хамруулъя гэхээр дандаа үл хөдлөх хөрөнгө болон капитал барилгатай хүмүүс байна.

Тэгэхээр эдгээр хүмүүст нөхөн төлбөр өгч байж газар чөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа газар чөлөөлөлт хийнэ үү гэхээс шууд очоод дахин төлөвлөлтөд хамруулах боломжгүй. 100 айлын хүндрэлтэй тал гэвэл эдгээр хүмүүсийн эд хөрөнгийн асуудал байгаа юм.Тиймээс энэ асуудлыг Нийслэлийн удирдлагуудын түвшинд ярьж байж шийдэх байх” хэмээсэн юм.

Тэгэхээр 100 айлын барилгын төв орчмоор энэ ондоо л лав ямар ч төлөвлөлт хийгдэхгүй нь бололтой. Уг нь бусдын өмч хөрөнгөнөөс илүү хүний эрүүл мэнд хамгаас чухал баймаар. Харамсалтай нь төр засаг хэдхэн хүний хөрөнгө мөнгийг хаацайлж, нөхөн төлбөрийн асуудлыг ярихаас цааргалсаар тэр орчмын олон хүний эрүүл мэнд чимээгүй хохирсоор байна.

Тиймээс ямар нэгэн тохироо хийж, нэн түрүүнд тус газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах нь чухлаас чухал асуудал болчхоод байна. Бодит үнэн гэвэл тус зах дээр худалдаа эрхэлдэг хүмүүс өөрсдөө тухайн газартаа оршин суудаггүй. Тэд өвлийн улиралд утаа битгий хэл урин дулааны улиралд хөрсний бохирдол ямар байгааг ч мэддэггүй. Тиймээс л тус хавийн оршин суугчид зуны ид халуунд өмхий самхай, тоос шороо, замын түгжрэл гээд түмэн бэрхшээлийн дунд амьдарч байгаа учраас 100 айлын барилгын төвийг хэзээ нүүлгэж, орон сууцтай болох юм бэ хэмээн олон жил хөхөө шиг донгодсоор иржээ. 

Албаны хүмүүсийг шийдвэр гаргахаас урьтаж, жил ирэх тусам 100 айлын барилгын материалын төв хаяагаа тэлж, олон олон худалдааны төв ар араасаа сүндэрлэсээр л байна. Тиймээс одоо л тус захыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг төр засгаас гаргахгүй бол 100 айлын барилгын төв газрын хөрснөөс арчигдах нь бүү хэл дахин төлөвлөлт хийх боломжгүй болох нөхцөл байдал бий үүсчихээд байна.

Эцэст нь хэлэхэд өнгөрсөн 2013 онд гарсан захуудыг нүүлгэх захиргааны шийдвэр хаана, хэн гэдэг дарга дээр очоод гацчихав аа. Аль эсвэл тус захыг нүүлгэх шийдвэр гараагүй байхад нь иргэдийн сэтгүүл зүйгээр ийнхүү тоглосон уу гэдэг асуулт гарч байна.

Зураг