Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост THAAD системийг суурилуулах ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Өмнөд Солонгост суурилуулах гэж байгаа АНУ-ын THAAD (Terminal High Altitude Area Defense) системийн хэсгүүдийг тээвэрлэн хүргэх ажиллагаа өнгөрсөн шөнө явагджээ. Системийг байрлуулах Хойд Гёнсан мужийн Сёнжу дүүргийн иргэд энэ ажиллагааг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдсөн байна.

Төрөлх газар нутагт нь аюултай зэвсэг байрлуулахыг хэдэн сарын турш эсэргүүцсэн иргэд зургаан ачааны машинд тээвэрлэж ирсэн эд ангиудыг нэвтрүүлэхгүйн төлөө тэмцжээ. Суурилуулах газрын ойролцоо амьдардаг нийт 8,000 орчим иргэний 200 нь эсэргүүцлийн ажиллагаанд оролцсоныг цагдаагийн нэмэлт хүчээр зохицуулахад хүрсэн байна.

Иргэд THAAD системийг нутаг дэвсгэрт нь байрлуулснаар өөрсдийгөө Хойд Солонгосын довтолгооны гол бай болохоос гадна хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн оны долдугаар сард THAAD системийг Өмнөд Солонгост суурилуулахаар Вашингтон, Сөүл хоёр тохиролцсон. Энэ асуудал зөвхөн Өмнөд Солонгосын иргэдийг талцуулаад зогсохгүй хөрш Хятад улсын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. THAAD системийн радарын тойрогт Хятадын зүүн хойд хэсэг багтаж байгаа нь тус улсын үндэсний аюулгүй байдалд хор хүргэнэ гэж Бээжин үзэж байгаа ажээ.

Үүнээс улбаатайгаар Хятад-Өмнөд Солонгосын харилцаа ч бүх чиглэлд муудаад байгаа юм. Пуужингаас хамгаалах системийг энэ оны сүүлээр бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Russia Today