Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс Оросоос зэвсгийн тусламж хүсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

Монгол улсын засгийн газар ОХУ-аас албан ёсоор зэр зэвсгийн тусламж хүссэн тухай ТАСС агентлаг өнөөдөр мэдээлжээ. Монгол улсын Батлан Хамгаалахын сайд Б. Бат-Эрдэнэ, ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа энэ асуудлыг тавьсан байна.

Б. Бат-Эрдэнэ сайд Монголын засгийн газар батлан хамгаалах бодлогоо шинэчилж байгаатай холбогдуулан Оросын талаас зэвсэгт хүчнээ шинэчлэх, зэр зэвсгийг сайжруулахад туслахыг хүссэн гэжээ. Ялангуяа агаарын хүчний техникийг шинэчлэх хэрэгтэй байгааг онцолсон байна.

Монгол улсын зэвсэгт хүчин Зөвлөлтийн үеийн хуучин зэр зэвсгээр тоноглогдсон байдаг. Танкийн зэвсэглэл нь голдуу T-55 загварынх бол цөөн T-72 танк байгаа юм. Мөн БМП-1, БРДМ-2, БТР-60 загварын хуягт машинууд голлодог. Харьцангуй шинэ загварууд нь 2011-2012 оны үед ОХУ-аас өгсөн T-72 танк, БТР-70М хуягт машинууд байдаг ажээ.

Агаарын хүчний хувьд хэд хэдэн Ми-24, Ми-8/17 нисдэг тэрэг, гурван Ан-26 загварын тээврийн онгоцтой. Сүүлийн үеийн техник гэвэл 2016 оны зургаадугаар сард ОХУ-аас өгсөн дөрвөн Су-27 нисэх онгоцтой юм.

Москвад болж байгаа олон улсын аюулгүй байдлын VI конференцийн үеэр дээрх уулзалт болсон байна. Уулзалтын үеэр Сергей Шойгу Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага дахь Монгол улсын статусыг ахиулах хүсэлтэй байгаагаа Монголын талд илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Lenta.Ru