Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

29 дүгээр сургуулийн багш Г.Оюун: Асуудлыг хурдан шийдэж өгөөч

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийн багш нар, сургалтын чанарын талаар сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн хөндөж байна.

Сургуулийн сурагчид анх хичээл хаяж эсэргүүцлээ илэрхийлснээр энэ асуудал олны анхааралд орсон. Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст 29 дүгээр сургуулийн багш нар өргөдөл бичиж, хэргийн үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсжээ.

Холбогдох цагдаагийн хэлтсийн гадна өнөөдөр 15 цаг 30 минутад 29 дүгээр сургуулийн багш Г.Оюун, өмгөөлөгч Г.Батбаяр нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэв.

Бид тэдний байр суурийг сонслоо. 

Г.Батбаяр: Нэг хүний гэм бурууг бусдад нялзаан хэрэглэж болохгүй
 
Гэрэл зургийг MPA.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар “29 дүгээр сургуулийн багш нарын төлөөлөл энд явж байгаа юм. Үндсэн хуулийн 16.12-т заагдсан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй, түүнийг төрийн байгууллага шийдвэрлэх үүрэгтэй гэсэн эрх үүргийн хүрээнд бид явж байна.

Ер нь өмнө бид дөрөвдүгээр сарын 7-8-ны үеэр гомдлоо гаргасан. Үнэхээр хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтэн байгаа бол олоод тогтоогоод өгөөч. Хохирогчийг нь олоод өгөөч. Хэрвээ тийм этгээд байхгүй бол бид хэвийн ажиллаж амьдрах эрхээ эдэлмээр байна. Үр хүүхэддээ анхаарлаа хандуулмаар байна. Хүүхдүүдийг хүчинддэг, зоддог, багш нар ажлын байран дээр бэлгийн харилцаанд замбараагүй ордог гэсэн ийм доромжилсон, гүтгэсэн юмыг эзэн холбогдогчгүй тараагаад байна. Ард иргэдийг төөрөгдүүлээд байна гэсэн гомдол гаргасан.

Энэ гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн I хэлтсээс арваад хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийн ахлагчид хэргийг хурдан шийдвэрлээд өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүний дагуу тухайн ажлын хэсгийнхэн 29 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа.

Энэ хооронд зарим нэг этгээдүүд тэр сургууль дээр дураараа орж гараад, ярьж чадахгүй, үг сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай хүүхдүүдийн яриаг хэн нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулаад тараагаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь өөрөө бусдын нэр төр, алдар хүндийг зөрчөөд байна. Үнэхээр хохирогч нь, гэмт этгээд нь олдохгүй байна. Цагдаагийн байгууллага нь олж чадахгүй байхад яагаад зарим этгээдүүд олчихоод нуугаад байгаа юм бэ.

Бид өргөдөл гомдлынхоо хариуг авах эрхтэй” гэв.

-Өчигдрийн нэвтрүүлэг дээр ажлын байран дээр сексддэг гэж гараагүй. Бас охидыг хүчинддэг гэж хэлээгүй. Бэлгийн дарамт учруулдаг гэж гарсан. Та сая харин хүчинддэг, сексддэг гээд хэлчихлээ?

-Дөрөвдүгээр сарын 1-нд Medee.mn сайтад гарсан мэдээллийн ул мөрөөр уламжлагдаад явж байгаа зүйл. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.4 хэсэгт зааснаар эрсдэлт нөхцөлд буюу хүчирхийлэлд байгаа хүүхдийн дуу, дүрс бичвэрийг олон нийтэд тараахыг хориглоно. Мөн энэ тухай мэдээллийг авсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй болохоос биш олон нийтэд тарааж болохгүй. Энэ мэтчилэнгээр хуулийн зохицуулалт байхад энэ хүүхдүүдийг хүчиндүүлдэг, багш нарыг хүчиндэгч мэтээр тараагаад байгаа нь буруу байна.

-Төгсөгчдийн хувьд нэр нүүрээ ил гаргаад мэдээлэл өгсөн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэр төгсөгчдийн хувьд хэн гэдэг багшид зодуулдаг байсан юм, тухайн үедээ өргөдөл гомдол гаргаж байсан уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5-10 жилээр хязгаарладаг учраас гомдлоо гаргаач гэж хандсан. Тухайн төгсөгч 29 дүгээр сургуулийг төгсөөд, тус сургуулийн туслалцаа дэмжлэгээр дээд сургуульд орсон хүн. Яагаад буцаад сургууль руугаа дайрсан юм бол.

Гэхдээ тухайн хүнд гомдол гаргах эрх нь байгаа учраас гомдлоо шалгуулаад явах эрхтэй. Үндсэн хуулийн 16.14-т гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэж бий. Энэ зарчмын хүрээнд байгаач ээ.

Нэг хүний гэм бурууг бусдад нялзаан хэрэглэж болохгүй. Үнэхээр тэнд нэг гаж гэмт хэрэгтэн нуугдаад яваад байгаа бол түүнийг олох хэрэгтэй. Түүнээс биш 75 багш нь 340 хүүхдээ хүчинддэг гээд яваад байж болохгүй.

-Тийм мэдээлэл гараагүй шүү дээ?

-Ер нь бол тийм мэдээлэл гараад байгаа. Эзэн холбогдогч нь тодорхойгүй учраас энэ сургуульд ажиллаж амьдрах, сурч боловсрох эрх нь алдагдаад байгаа.

-Хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн сурагчдын хувьд та ямар бодолтой байгаа вэ?

-Хэвлэлийнхэнд яриа өгсөн сурагч олдохгүй байгаа. Дуу, дүрс байхгүй. Хэрэв тийм хүүхэд байгаа бол гэрч, хохирогчийг хамгаалах төвд хандаад, хүчирхийлэлд байгаа хүүхдийг хурдхан тийш нь аваачих хэрэгтэй. Гэтэл ийм хүүхэд байгаа юм байна гээд нүүрийг нь далдалж байгаад гаргаад байгаа.

-Эх сурвалж өөрөө нэр, нүүрээ нууцлахыг хүсвэл нууцлах нь хэвлэлийнхний үүрэг шүү дээ?

-Би маш олон хэвлэлийнхнийг өмгөөлж шүүх хуралд орж байсан. Яг үнэндээ эх сурвалжаа нууцлах болон хэн нэгэнд мэдэгдэхгүй байх үүрэг хуулиараа зохицуулагдаагүй байдаг.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гээд дөрөвхөн зүйл заалттай жижигхэн хууль байгаа.

-Мэргэжлийнхээ ёс зүйгээр хэвлэлийнхэн эх сурвалжаа нууцалдаг?

-Зан заншил, ёс суртахууны хүрээнд хуулийг ижил төсөөтэй хэрэглэж байна гэж тайлбарлаж болно. Гэхдээ хуулийн өмнө та бусад хүмүүсээс нууцлах эрхтэй болохоос биш шүүх цагдаагаас нууцлах эрх байхгүй.

29 дүгээр сургуулийн багш Г.Оюун: Гэмт хэрэгтэн байдаг бол олж тогтоогоод, асуудлыг хурдан шийдэж өгөөч
 
Гэрэл зургийг MPA.mn

Тус сургуулийн технологийн багш Г.Оюун энэ талаар "Хэвлэл мэдээллээр бидний нэр хүндэд халгаатай мэдээлэл цацаад байна. Үүнийг хурдан шийдэж өгөөч гэж бид шүүх, цагдаагийн байгууллагад хандаж байгаа. Хэрэв гэмт хэрэгтэн байдаг бол олж тогтоогоод, бүх сургууль, боловсролын байгууллагыг гутаан доромжлоод байгаа юмнаас гаргаж өгөөч гэж гуйх гэж л явж байна" гэсэн юм. 

Бид түүнээс зарим асуултын хариуг авлаа. 

-Багш нар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг оюуны бэрхшээлтэй юм шиг ханддаг гэж нэвтрүүлгээр гарсан. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Тийм юм байхгүй. Манайд сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй, оюуны давхар хомсдолтой хүүхдүүд байгаа. Бүгд тийм биш. Цөөхөн тоотой байгаа. Тэд арай өөр шүү дээ. Үүнийг гэхдээ бид ялгаварладаггүй.

-Танай сургуульд бэлгийн дарамтыг бэлэг гэж заадаг уу?

-Тийм юм би мэдэхгүй.

-10 жил сурчихаад бичиг үсэг тайлагдаагүй хүүхдүүд байна гээд байх юм?

-Та нар очоод шалгаад үз. 12 дугаар ангийн хүүхдүүд ЭЕШ өгөөд дээд сургуульд элсэж байна.

-Телевизийн нэвтрүүлэг гарахаас өмнө танай сургуулийн багш нар гар үсэг зураад нэвтрүүлгийг зогсооно уу гэдэг шаардлага телевизэд ирүүлсэн байсан. Үнэхээр асуудал байхгүй бол яагаад ийм бичиг өгсөн юм бэ?

-Асуудал байгаа үгүйг нь хурдан шийдэж өгөөч. Шийдэхээс нь өмнө битгий үймүүлээд бай. Хөдөө гадаа байгаа манай сургуулийн сурагчдын эцэг эхчүүд юу гэж ойлгох вэ. Энэ сургуулийн үйл ажиллагаа жирийн явагдахад хэцүү болчихоод байна.

-Та сургалтын чанар дээр юу гэж хэлэх вэ?

-Сургалтын чанарыг шалгадаг газар нь шалгаад, тогтоогоод явдаг. Би өөрөө технологийн багш хүн. Багшийнхаа хувьд хэлэхэд миний сурагчид ЕБС-ийн ямар ч хүүхдээс илүү чадвар эзэмшээд явж байгаа гэдгийг хэлье. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Миний хүүхдүүд сайн юм хийж чаддаг л болж гардаг. Бусад хичээлийн сургалтын үр дүн ямар байгааг шалгадаг тогтоодог газар бий.

-Танай сургуульд хэдэн эрэгтэй багш байдаг вэ?

-Арваад багш бий.

-Танай сургуулийг төгсөгчдөөс 1-2 хүүхэд л дээд сургуульд ордог гэсэн байсан. Яагаад ийм бага байгаа вэ?

-Манай сургуулийг жилдээ 7-8 хүүхэдтэй хоёр юм уу нэг анги төгсдөг. Ерөнхий боловсролын аль нэг сургуулийн 1,000 гаруй хүүхэд төгсөхөд хэд нь дээд сургуульд ордог гэдгийг бодоод үз. Цөөхөн хүүхэд төгсөж байгаа учраас цөөхөн хүүхэд их сургуульд орж байна. Хоёрдугаарт тэдний ЭЕШ өгөх арга зам нь өөр. Манай хүүхдүүд ур чадвараараа СУИС-ийн сийлбэр, гар урлал, зургийн ангиудад ордог. Мөн МУБИС-ийн технологийн ангийг төгссөн хоёр, гурван хүүхэд бий. 

Сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа дараа тэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс рүү холбогдох мөрдөн байцаагчтай уулзахаар оров. 

ФОТО: 
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn