Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хөрөнгө оруулагч Монголд венч сангийн үйл ажиллагааг танилцуулна

ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

 Монгол Улсын гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалт, орчин нөхцөлтэй танилцахаар АНУ-ын Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиел 4-р сарын 25-27-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирээд байна. 

Пол Брэгиел нь гарааны шатандаа яваа технологийн инноваци нэвтрүүлэгч компаниудад хөрөнгө оруулалт хийдэг “Bragiel Brothers” компанийн үүсгэн байгуулагч, энтрепренер хүн юм.

Тэрбээр 200 хол давсан компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнд тэрбум ам.доллараар үнэлэгдэх Unity, Zappos, Uber компани багтдаг байна.

 Ноён Брэгиел Коломб, Сингапур, Эстони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийж байсан.

Мөн 2011 оноос Африк тивд төвлөрсөн “Savannah Fund”, Азид “Golden Gate Ventures”,  Европт “Gamefounders” зэрэг технологийн чиглэлийн энтрепренёршипийг хөгжүүлэх, анхан шатны хөрөнгө оруулалт хийх зорилго бүхий хөрөнгө оруулалтын сангуудын үүсгэн байгуулагчдын нэгээр ажиллаж байна.

Techstars ОУ-н байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Д.Бат-Октябрийн урилгаар Монголд зочилж буй түүний айлчлал манай улсын гарааны бизнес эрхлэлтийн орчин нөхцөл болон боломжуудтай танилцах, Венч хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны тухай компанийн эздүүдэд танилцуулах, Монголдоо тэргүүлэх LendMN, Xyyp.mn, CallPro, Alchemist, Dobu зэрэг гарааны бизнесүүдийн үүсгэн байгуулагчидтай уулзах зэрэг хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ.

Тухайлбал тэрбээр 4-р сарын 26-ны өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхах бол үүний дараахан Монголын Бизнес Зөвлөлөөс зохион байгуулах инноваци ба боловсролын ажлын хэсгийн уулзалтанд оролцох юм.

Түүнчлэн Venture Capital Fund үйл ажиллагаанд оролцож гарааны бизнес эрхлэгчдэд илтгэл тавина. 

Ноён Брагиелийн төлөөлж буй Venture Capital буюу Венч хөрөнгө оруулалтын сан нь урт хугацаандаа хурдацтай өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. 

Тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар гарааны бизнесүүдтэй хамтран ажилладаг.

Монгол Улсад одоогоор олон улсын стандартад нийцсэн Венч хөрөнгө оруулалтын сан хараахан байдаггүй ч энэ төрлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд энэхүү айлчлал томоохон түлхэц үзүүлэх юм. 

Startup Mongolia 

Startup Mongolia ТББ нь 2011 оны 6 сард Монгол улсад ентепренер буюу шинээр бизнес эрхлэгч болон бизнес эрхлэхийг хүссэн иргэдийг дэмжих зорилготой үүсгэн байгуулагдсан.

Startup Mongolia нь хувь хүмүүс, баг бүлэг, нийгмийг бие даасан бизнес эрхлэлтэд (энтрепренёршип) уриалан дуудах, мэдлэг, боловсрол олгох, дэмжин туслах зорилготой манлайлагчдыг хамардаг. 

Мөн Startup Mongolia нь бие даасан бизнес эрхлэгчдийн дэлхий дахины сүлжээг Монгол Улсад төлөөлж буй төрийн бус байгууллага юм.

Пол Брагиелийн тухай

“Venture capital Fund” эвентийн хүндэт зочин Пол Брэгиел нь 1977 оны 9 дүгээр сарын 15-нд АНУ-ын Чикаго мужийн Илинойс хотноо төрсөн.

Тэрээр Илинойсын

Их Сургуулийг 1999онд дүүргэснийхээ дараахан “Paragon 5” хэмээх өөрийн анхны компаниа байгуулж оффисоо Чикаго болон Польш улсад нээж байв.

2004 онд дараагийн компани болох “Meetro”-ийг байгуулжээ.

2008 он гэхэд Брэгиел өөрийн гурав дахь компани болох “Lefora”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ компаниа 2010 оны зун “Crowdgather” компанид зарсан байдаг.

2010 онд Сан Франциско хотноо төвтэй “I/O Ventures” анхан шатны хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн хурдасгуур компанийхаа үйл ажиллагааг эхлүүлсэн ба үүнээс гадна бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх зорилготой юм.

Тэдгээр мэнторууд нь YouTube, LinkedIn, Zynga, Bittorrent, Paypal, Myspace, WordPress, Yelp мөн Trulia гэх зэрэг компаниудын үүсгэн байгуулагчид байдаг.

2011 оноос Брэгиел гурван ч технологид чиглэсэн анхан шатны хөрөнгө оруулалт болох “Savannah Fund” (Африк) “Golden Gate Ventures” (Зүүн Өмнөд Ази) зэргийг тухайн бүсийн энтрепренёршипийг хөгжүүлэх, дэмжихэд, “Gamefounders” (Дорнод Европ) компанийг тоглоомтой холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг дэмжих зорилготойгоор эхлүүлэв.

2015 онд 10 сая ам долларын хөрөнгө оруулалтын венчир сан болох “Presence Capital”-ийг байгуулаад байна.

Пол Брэгиел олон жилийн турш өөрийн хамтран үүсгэн байгуулсан венчир капиталын компаниудын үйл ажиллагааны хүрээнд гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрээс бидний сайн мэдэх нь “Uber”, “Zappos”, “Unity” зэрэг бизнесүүдэд хийсэн хөрөнгө оруулалтыг дурьдаж болно.

Венчир капитал, хөрөнгө оруулалтаас гадна бизнесийн зөвлөх чиглэлээр арвин туршлагатай тэрээр сүүлийн 13 жилийн турш инновацилаг технологи, хөрөнгө оруулалтын төслийн ажлыг хийсээр ирсэн туршлагатай энтретренер юм.
Түүний хөрөнгө оруулсан компанийн тоо 100 хол давсан бөгөөд 1.5 тербум ам.долларын хөрөнгө босгож чадсан байдаг.

Дэлхийн улс орнуудаар тогтмол аялж гарааны бизнесийн сэдвээр яриа хийж, илтгэл танилцуулж мөн Коломб, Сингапур, Истони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийдэг.