Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжаанд шашны холбогдолтой нэр хүүхдэд өгөхийг хоригложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ онцгой нэр олж өгөхийг боддог. Тэгвэл Хятадын баруун хязгаарын муслим иргэд буруу нэр өгвөл хүүхэд нь хүний тооноос хасагдаж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг улсаас авч чадахгүйд хүрэхээр болжээ.

23 сая орчим муслим хүн амтай Шинжаан Уйгарын өөртөө засах орны засаг захиргаа саяхан хүүхдэд өгөх хориотой нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Эдгээр нь Исламын шашинтай холбоотой нэрс юм. Тухайлбал Ислам, Коран, Саддам, Мекка зэрэг нэрс, шашны билэгдэл болсон од ба хавирган сарыг илэрхийлсэн үгс зэргийг нэр болгон өгвөл бүртгэхээс татгалзаж, нийгмийн бүх халамж үйлчилгээнээс хасагдах юм байна.

Одоогоор хориотой нэрсийн бүрэн жагсаалт, яг ямар нэрсийг шашны агуулгатай гэж үзэх тайлбар гараагүй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт үүсээд байгаа тогтворгүй байдалд Бээжингийн эрх баригчид Исламын шашны хэт үзлийг буруутгаж байгаа. Үүнээс өмнө Шинжаанд эрчүүд сахлаа хэт их ургуулах, эмэгтэйчүүд нүүрний бүтээлгэтэй явахыг хориглох болсон юм.

Бээжингийн энэ алхам хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлтэй тулгарчээ. Хятад дахь  Human Rights Watch байгууллагын тэргүүн Софи Ричардсон “Шашны эрх чөлөөг шашны экстремизмтэй тэмцэх нэрийн дор хаан боож байгаа сүүлийн жишээ нь энэ юм” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

“Хэрвээ Бээжин энэ бүс нутагт тогтвортой байдал бий болгохыг үнэхээр хүсч байгаа бол дарамт шахалт үзүүлэх бодлогоосоо татгалзах хэрэгтэй” гэж Ричардсон хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian