Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны сургаар Японд хоргодох байр, агаар шүүгчийн эрэлт нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгийн асуудал хурцдах тусам цөмийн бөмбөгнөөс хамгаалах байр, цацраг идэвхит туяаг шүүдэг агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд Японд үнэд орж эхэлсэн байна.

Бөмбөгнөөс хоргодох байр байгуулах үйлчилгээ эрхэлдэг жижиг компани жилдээ зургаан захиалга авдаг байсан бол зөвхөн энэ дөрөвдүгээр сард найман захиалга авсан тухай мэдээлжээ.

Японы Кобед үйл ажиллагаа явуулдаг Орибе Сэйки Сэйсакушо компани сүүлийн өдрүүдэд 50 ширхэг Швейцарьт үйлдвэрлэсэн цацраг идэвхит туяаны шүүртэй агаар цэвэршүүлэгч зарж дуусаад, дахин захиалга авахад хүрээд байгаа гэнэ.

Ийм тусгай агаар цэвэршүүлэгчийн зургаан хүнд зориулсан нь 620,000 иен ($5,630) үнэтэй бол 13 хүнд зориулагдсан нь 1.7 сая иен ($15,440) үнэтэй байдаг аж. Хорт хийнээс хамгаалах чадвартай энэхүү шүүгчийг хоргодох байруудад суурилуулдаг юм байна.

Хэд хоногийн өмнө ерөнхий сайд Шинзо Абэ парламентад Хойд Солонгосын аюул заналын талаар мэдээлэл хийхдээ тэднийг сарин төрлийн химийн бодисоор довтолж магадгүй гэсэн юм. Энэ үеэс хойш япончуудын дунд хорт хийнээс айх айдас нэмэгдсэн ажээ.

Хоргодох байр байгуулдаг Шизуокагийн Earth Shift компани гэхэд захиалга нь 10 дахин өссөн гэж тус компанийн менежэр Акира Шига мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн эрэлт нь нэмэгдэж байгаа хоргодох байрны захиалга Японы бүх хэсгээс ирж байгаа ажээ.

Хоргодох байрыг гэр бүлүүд, мөн жижиг хэмжээтэй компаниуд ажилчиддаа зориулан захиалах болсон байна. 13 хүний багтаамжтай хоргодох байрны үнэ өртөг 25 сая иен ($227,210) болдог ба дөрвөн сарын хугацаанд барьж дуусгадаг гэнэ.

Компанийн төлөөлөгчийн танилцуулж байгаагаар ийм хоргодох байр Хирошимад хаясан шиг бөмбөг 660 метрийн зайнд дэлбэрэхэд хамгаалах чадалтай гэжээ. Үүнээс гадна Японы засгийн газар хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийхээр төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: Reuters