Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Анхилуун үдшийн тэмдэглэл

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Хаврын улирал дундаа орсон ч модод хараахан нахиалаагүй, салхи исгэрсэн өдрүүд үргэлжилсээр. Цэцэгс өнгө алаглан дэлгэрэхийг, модод ногоорон нахиалахыг тэсэн ядан хүлээсээр. Энэ дэврүүн мөрөөдөл минь өнгөрсөн Бямба гарагт “Улаанбаатар Арт Галлерей”-д биелж, сарнай, лиш, мэлрэг цэцэгсийн сайхан үнэр, агар зандан моддын өвөрмөц давирхай, амтат жимсний тансаг охийг ханатал мэдэрсэн юм.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сүрчиг сонирхогч монгол залуус “The Fragrant Corner” буюу “Үнэртэнд дурлагчдын улаан булан”-г байгуулжээ. Тэд “АМУАЖ - СЭТГЭЛИЙН ДАВАЛГАА” хэмээн нэрийдсэн үйл ажиллагаагаар ийн зуныг наашлуулж, нэгэн үдшийг анхилуун болголоо. Ниш тодотголтой тусгай сонирхлын Оманы алдарт Амуаж сүрчигнүүд үдшийн зочдыг олон янзын бодролд автуулж, төсөөлөлд умбуулсан нь анзаарагдсан.

Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй мөртлөө  тухайн хүнийг илэрхийлж, ой тоонд үлдээж чаддаг ер бусын зүйл бол үнэр билээ. Нялхдаа мэдэрч байсан ээжийнхээ үнэрийг насан туршдаа мартдаггүй нь магадгүй далд ухамсарт ч үнэр нөлөөлдөгийг гэрчлэх мэт. Тансаг үнэртнийг хэрхэн сайхан орчинд хүсэл сонирхол нэгтэй хүмүүстэй хуваалцаж, мэдэрч болохыг уран бүтээлчээр харуулсан анхилуун үдшийн тэмдэглэлээ танд хүргэе.

 

Төгс зохицол 

Үнэртний үдэшлэгт очих урилгаа аваад дотроо өөрийн гэсэн төсөөлөл зураад амжсан байв. Гэтэл хаалгаар оронгуут миний бодсоноос огт өөр дуу алдмаар орчин угтаж авсан юм. Танхимын таазыг монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн амьдралыг харуулсан зурагтай торгон алчуурнуудаар чимж, хойморт нь монгол гэрийн хана барин уран сийлбэртэй арслантай авдарнуудаар тохижуулжээ. Цагаан эсгийг ширж оёсон дугуй олбог гэрийг тансаг агаад дулаахан уур амьсгалтай болгох бөгөөд шилэн бортоготой үнэртнүүд хэзээнээс л монгол гэрт байсан мэт авдар, тавиур дээр гайхалтай зохицож харагдана. Аливаа зүйлийн ур донжийг тааруулж гэмээнэ хүний сэтгэл ингэж их хөдөлдөг биз ээ. 

Арга хэмжээг нээж “Үнэртэнд дурлагсдын улаан булан”-г үүсгэн байгуулагч Л.Лхамсүрэн үг хэлсэн юм. Тэрээр “Оман улсын хаан өөрийн орны өв соёлыг дэлхийд түгээн таниулах зорилгоор Амуаж үнэртэнг бүтээлгэсэн түүхтэй. Бид ч бас үнэртэнг сонирхдог энэ сонирхлоо үндэсний өв соёлтойгоо хослуулж гаргахыг зорин танхимаа ингэж тохижууллаа. Монгол ахуйг залуучууддаа таниулах зорилго маань нэг алхмаар урагшилж байгаад баяртай байна. Бид өөрсдийн хоббигоороо дамжуулж залуучууддаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг зоридог” гэлээ. Монгол дээлээр гоёсон гадаад эр Жалам хар, Саруул талын татлагыг морин хуураар бодол хөглөгдөж, сэтгэл догдолтол татав.

Стив Моррэл хэмээх уран бүтээлч энэ залуу Монголд амьдраад хоёр жил гаран болж байгаа гэхэд монгол хэлээр маш цэвэрхэн цэгцтэй ярих бөгөөд морин хуурыг мэргэжлийн хөгжимчин шиг тоглож байгаа нь бахархмаар санагдсан. Бас монгол залуусын хэд нь ингэж дээлийг цэгцтэй сайхан өмсөж, үндэсний хөгжмөө бариад гэрийн жавраа үргээх чадвартай билээ хэмээн бодож нүүр улайж суулаа. Миний анзаарснаар манайхан гадны хүмүүс уламжлалт спортоор маань өрсөлдөх, үндэсний хөгжмийн зэмсгийг тоглох зэрэгт таагүй хандаж буй нь ажиглагддаг. Бид өв соёлоо олон улсад түгээе гэвэл үүнд цааргалах биш харин ч зааж сургаж дэмжээсэй гэж би боддог. 

 

Морин хуурын тоглолтын дараа каллиграфи-уран бичээч Э.Ариунболд Амуаж нэрийн монгол орчуулга буюу “Сэтгэлийн давалгаа” хэмээх үгийг монгол бичгээр уран бичиж үзүүлсэн юм. Мөн тэрээр хүрэлцэн ирсэн зочдын нэрийг уран бичлэгээр бичиж өгсөн нь үдэшлэгийн нэгэн том гэнэтийн бэлэг байлаа. Нүүдэлчдийн ахуй орчин, өв уламжлалыг харуулсан эрний эдлэлүүд, хуурын уянгалаг татлага, босоо монгол бичиг, үндэсний хээ зурагтай “Ялгуун” брэндийн торгон алчуур, тансаг анхилуун үнэртнүүдийн төгс зохицол, гайхалтай нийлэмж бүхлээрээ нэгэн цогц урлагийн бүтээл болж байв.  

Энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан “Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ “Энэ арга хэмжээг санаачлагч Лхамаа маань гадаадад сурдаг. Монголдоо жилд ганц удаа ирдэг ч энэ үеэрээ шаргуу хөдөлмөрлөж сайхан ажил зохион байгуулсанд бахархаж байна. Бидэнд анх хамтран ажиллах санал тавихад нь санааг нь сонсоод үнэхээр дэмжмээр санагдсан. “Хаадын гэр” компани нь цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ урладаг. Үндэсний хэв шинжийг орчин үеийн өнгө аястай нийцүүлэн урласан бүтээлүүд маань айл гэрт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхүйц хосгүй үнэ цэнтэй байдгаараа өнөөдрийн сэдэвтэй төгс зохицсон мэт санагдсан” гэлээ.

 

Ямар нэг ашиг хонжоо харж бус нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлье гэсэн чин сэтгэлтэй залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин хамтран ажилласан “Хаадын гэр” компани, “Агула”, “Ялгуун” брэндийн хамт олон болон UB ART HOUSE-ийн эртний эдлэл цуглуулагч Э.Болдбаатар нараар бахархахгүй, дурдахгүй өнгөрч боломгүй санагдсан. Бүтэн өдрийн турш ямар ч үнэ төлбөргүй галлерейд зочилж, ховор сүрчигнүүдтэй танилцах боломжийг тэд бүрдүүлсэн билээ. 

Өөр өөрийн онцлог түүх, сэдэвтэй үнэртэнтэй танилцаж шинэ мэдрэмж авахын хажуугаар сонирхол нэгтэй хүмүүсийн дотно яриа маш их эрч энерги өгсөн юм. Энэ анхилуун үдэш зочдын таван мэдрэхүй цөм таашаал авахын зэрэгцээ зургаа дах мэдрэхүй ч сэргэн баяссан болов уу. Үдэшлэгийн үеэр толгой ноотонд нь шарилжны орц ордгийг нь онцолмоор Memoir man, Амуажийн 25 жилийн ойд зориулан гаргасан эрхэмсэг чамин Jubilation 25 Woman, Epic Woman хэмээх гурван сүрчигийг шинээр задлан танилцуулсан нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа.

Миний хувьд Эртний Хятадаас Арабын хойг хүртэлх Торгоны замын өнө эртний домгуудаас сэдэвлэсэн Амуаж “Epic Woman” сүрчиг хамгийн их таалагдсан. Түүний ялдам зөөлөн хэрнээ цаанаа эрхэмсэг үнэрийг анхилуулсаар, зуны цэцэгсийг гэртээ аваачихаар сэтгэл дүүрэн алхсан юм.  “Үнэртэнд дурлагсдын улаан булан”-гийн залуус цаашдаа энэхүү арга хэмжээгээ зохион байгуулах бөгөөд өөр өөр хаусын сүрчигээр энэхүү аялал давалгаалахыг дуулгахад таатай байна. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.