Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы дунд сургуулийн хөтөлбөрт жадаар тулалдах бэлтгэл оржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Японы боловсролын сайд дунд сургуулийн ахлах ангийнхны биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт “жүкендо” буюу жадаар тулалдах сургуулилалтыг оруулсан байна.

Энэ нь бууны жадыг төлөөлүүлсэн модон зэвсгээр тулалдах урлаг бөгөөд 1800-аад оны үед Францын цэргийн сургуульд нэвтэрсэн байдаг. Япончууд үүнийг өөрийн уламжлалт тулааны урлагийн хөдөлгөөн, техникт тохируулан дайны үед ашиглаж байсан гэдэг.

Дэлхийн хоёрдугаар дайны үед сургуулийн сурагчдад бас заадаг байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард боловсролын сайд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахыг зөвшөөрсөн тулааны урлагийн төрлүүдийг жагсааж баталсан юм. Гэвч анхны хувилбарт нь жүкендо байгаагүй. Харин дараа нь Японы жүкендогийн холбоо хүсэлтээ явуулснаар жагсаалтад багтжээ.

Ингээд дөрөвдүгээр сараас эхэлсэн хичээлийн жилд сурагчид жүкендогоор хичээллэх боломжтой болсон байна.

Үндсэрхэг үзэлтнүүд сайдын шийдвэрийг дэмжин талархаж байгаа юм. Тэд Дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотнууд уг спортыг Японд хориглосон нь зүй бус арга хэмжээ гэж үздэг юм. Харин Японы милитаризмд хэлмэгдсэн орнууд үүнд эмзэг хандаж байна. Тухайлбал Хятадын Синьхуа агентлаг жүкендог сургуулийн хөтөлбөрт оруулсан явдлыг “милитаризмийн түүхийг залуу үеийнхний дунд сэргээх нөлөөтэй” гэж шүүмжилжээ. Тэд бас жүкендог Японы эзэн хааны арми дэлхийн хоёрдугаар дайны өмнө ба дайны үеэр цэргийн сургуулилтандаа хэрэглэдэг байсныг сануулсан байна.

Гэвч Японы Түүхийн Баримтыг Дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн Хиромичи Мотеки “Хятадууд өөрсдөө цэргийн сургуулилалт хийдэг, том армитай, цөмийн зэвсэгтэй. Тэдэнд ийм тэнэг зүйл ярих эрх байхгүй” гэж эгдүүцлээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post