Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сунгааны сураг алдрав уу?

А.Алиман
2017 оны 4 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

-Нэр дэвшигчийг тодруулах явцыг хуулиар “Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана” хашиж өгсөн учраас сунгааг тэр хугацаанд явуулах эрх зүйн бололцоо харагдаж буй ч “тийм, үгүй” гэх шийдвэрийг АН-ын удирдлагууд хараахан гаргаагүй байна-

Ардчилсан нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нам доторх сунгаа буюу санал асуулгаар тодруулахаа зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү сунгааг гэвч хэзээ эхлүүлж хэзээ дуусгах, хэрхэн зохион байгуулах талаар өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байгаагаас үзвэл ер нь ийм зүйл болохгүй нь тодорхой болж байх шиг.

Нэр дэвшигчийг тодруулах явцыг хуулиар “Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана” гэж хашиж өгсөн учраас сунгааг тэр хугацаанд явуулах эрх зүйн бололцоо харагдаж буй ч “тийм, үгүй” гэх шийдвэрийг АН-ын удирдлагууд хараахан гаргаагүй байна.

Харин энэ хооронд сунгаанд оролцох, нэр дэвших бодлоо илэрхийлсэн, эсвэл олон нийтийн таамаглалд ороод байгаа горилогчдын тоо Ардчилсан нам дотор арав дөхжээ. Нэр дэвшинэ гэж хараахан мэдэгдээгүй байгаа ч АН-ын лидерүүдийг чансаагаар тэргүүлж яваа Р.Амаржаргалаас эхлээд албан ёсоор мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Баабар нар, тэрчлэн олны дунд яригдаж буй Э.Бат-Үүл, Л.Болд, Г.Батхүү, З.Энхболд, Х.Баттулга гээд горилогчдын тоо арав шүргэх боллоо.

Сунгаагаар нэр дэвшигчээ шалгаруулах тухай яриа гарснаас хойш магадлал бүхий хүмүүсийн талаар олон нийт багагүй хугацааны хэлэлцүүлэг өрнүүлж, чухам хэн нь Ерөнхийлөгч байж болох, болохгүйн талаар хэрдээ шүүлт хийгээд амжжээ. Гэрэлд гарч ирээд байгаагаас Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар өнгөрсөн хугацаанд ороогдсон хэл амтай асуудлуудаа байн байн сөхүүлж, одоохондоо чимээгүй яваагаас Х.Баттулга, З.Энхболд нар өмнөх засгийн үеийн зарим алдаануудаараа битүүхэн балбуулах шинжтэй.

Ардчилсан нам нэр дэвшигчээ чухам ямар зарчмаар хаанаас тодруулах, гол шалгуур нь юу байх, хаанаас хэн нөлөөлөх, ямар тохироо явах зэргээс хамаарч дээрх эрхмүүдээс “чухам хэн нь байх вэ" гэдэг нь шийдэгдэх биз ээ. Нийт нам дотроос сунгаагаар тодруулах тохиолдолд харьцангуй нэр цэвэр, судалгаагаар олон нийтийн саналыг тэргүүлж байгаа гэх утгаараа Р.Амаржаргал ялах магадлалтай.

Харин нэр дэвшигчийг сунгаагаар явуулахгүйгээр ҮБХ-ны санал, шийдвэрт үндэслэн Их хурлаас батламжилна гэвэл тэр тойргоос Х.Баттулга гарч ирэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Энэ сарын эхээр болж өнгөрсөн ҮБХ-ны сонгуулийн үр дүнд нийт бүрэлдэхүүний 2/3-ыг Шонхор болон Женкогийн талынхан бүрдүүлсэн нь өдгөө тодорхой болжээ. Бусад фракцынхан нийлээд 1/3 орчим хувийг нь бүрдүүлсэн гэх “гарал үүслийн тодорхойлолт”-ыг албан бусаар гаргасан нь чих дэлсэж байгаа. Ийм нөхцөлд ҮБХ-гоор нэр дэвшигчийг тодруулна гэвэл С.Эрдэнийн байр суурь бүхнийг шийдвэрлэнэ гэсэн үг.

Ажиглагчдын онцолж буй энэхүү логикоор бол нэр дэвшигчийг хаанаас тодруулахаас нэр дэвшигч хэн байх нь хамаарах хэрэг юм.. Цаашлаад хэнийг нэр дэвшүүлэхээс хамаараад сонгуульд Ардчилсан нам ялах, ялагдах нь шийдэгдэх тун нарийн зүйл энэ хүрээнд яригдаж таарна.

Нийгэмд арай илүү нэр хүндтэй байгаа, тэр хэрээр ялж мэдэх найдвар төрүүлж буй Р.Амаржаргалаа дэмжих үү, аль эсвэл энд арай өөр шалгуур байх уу гэхчлэн нам дотроо ярилцах зүйл мэдээж байгаа л биз. Чухам хэн нь нэр дэвшихээс үл хамаараад түүний төлөө сонгуулиар ажиллах намын суурь-гишүүд сонгуулийн үр дүнд хамгийн их нөлөөтэй байдаг.

Тухайн хувь нэр дэвшигч нийгэмд нэр хүндтэй байх нөлөөллөөс дутахгүйгээр сум, дүүрэг, баг хороон дээр ажиллаж байгаа намынх гишүүдийг хүсэл эрмэлзэл, хандлагаас их зүйл хамаарна гэж үздэг.

Тэгвэл энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь Ардчилсан нам сууриараа хөдөлж, гишүүнчлэлээ шинэчлэн сэлгэсэнд оршиж байгаа гэж хэлж ч болно. Хорь гаруй жил “манай нам, манай ардчилал" гэж сэтгэлээрээ явж ирсэн хуучин партизанууд саяын дотоод сунгаагаар “сэлгээний” суудал руу шидэгдсэн.

Ардчилсан намын үзэл санааны цөм, үйл хэргийн туг болж явсан тэдгээр партизанууд мөнгөний болоод бусад босго, шалтгаануудад бүдэрч, эсвэл хавчигдаж, орон нутгийн нам, нэгж, үүрүүд дээр байр сууриа алджээ. Харин тэдгээрийн орыг нам бус явсан, эсвэл өөр намд байсан, ардаа ашиг сонирхлын өөр нэг сэжим тээсэн хүмүүс залган авсан, итгэл үнэмшил бүхий хэсэг нь цөөрсөн нь нийтлэг байдлаар анзаарагдаж байгаа аж.

Ийм нөхцөлд ямар ч сонгуульд нэр дэвшигчээ авч гарна гэдэг аль ч улс төрийн намд амаргүй даваа юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үүнийг тооцоолж байж л таарна. Хэрэв энэ сонгуульд ялж чадахгүй бол намын даргын хувьд хариуцлагагүй хүлээхгүй гэх утгатай үгийг тэрбээр унагаж байсан ч цагаа тулахаар түүнээс л гишүүд, дэмжигчид нь зэм хүлээлгэнэ гэдгийг мэдэж буй биз ээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.