Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ШИЛЭН ДАНС: Дүүргүүдээс Багануур, аймгуудаас Сүхбаатар хамгийн хаалттай

Б.Дөлгөөн
2017 оны 4 сарын 14
iKon.MN

Шилэн дансны тухай хуулиар улсын болон орон нутгийн төсвийн байгууллагууд 28 төрлийн мэдээллийг тодорхой хугацааны давтамжтайгаар нийтэд ил тод болгох ёстой.

Нээлттэй Нийгэм Форумаас уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 28 төрлийн мэдээллээс зургааг сонгон авч нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрууд 2017 оны 01 дугаар сард мэдээллээ хэрхэн ил тод болгосон байдлыг ажиглажээ.

Ажиглалтын ерөнхий дүнг танилцуулбал...


1. УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 

ЗДТГ-ууд Төрийн санд бүртгэгдсэн 5 сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ бүрэн гүйцэд ил тод болгох байдал хангалтгүй хэвээр байна. 

Энэхүү мониторингоор Шилэн дансны тухай хуулийн дагуу нийслэл, дүүргүүдийн ЗДТГ 2017 оны 1 дүгээр сард ил тод болгосон 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн тухайн сарын дансны хуулгатай харьцуулж үзэв.

1 дүгээр сарын дүн мэдээгээр зөвхөн хоёр дүүргийн ЗДТГ Төрийн санд бүртгэгдсэн нийт гүйлгээгээ 100% ил тод болгожээ 

Нийт гүйлгээний тоо

Шилэн дансны хуулийн дагуу ил болгох цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээг бүх ЗДТГ нийтэлснээс СБД хамгийн олон буюу 18 мэдээлэл ил болгожээ.

  • Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын Гүйлгээний шийдвэрийг зөвхөн Багануур (5), Чингэлтэй (2) дүүргүүд нийтэлсэн байна. 
  • 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээллийг ХУД, СБД (4), ЧД (3), СХД (2)  дүүргүүд ил болгосон байна.
  • Хуулийн дагуу 1 дүгээр сарын 10-ны дотор нийтэд ил тод болгох ёстой тухайн оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн хэмжээнд Налайх, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ууд л нийтэлжээ.
  • Нийслэл, дүүргийн ЗДТГ-ууд 2017 оны батлагдсан төсвөө хуулийн дагуу 1 дүгээр сарын 10-ны дотор, 2017 оны 1-р сарын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээгээ 2 дугаар сарын 8-ны дотор бүгд нээлттэй мэдээлжээ. 

2. АЙМГУУДЫН ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 

Монгол Улсын 21 аймгийн Засаг даргын тамгын газар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд мониторинг хийж байна.

Хуулиар нийтэд ил болгох ёстой мэдээллээс зургааг нь сонгон авч ЗДТГ-ууд 2017 оны 1 дүгээр сарын туршид тэдгээр мэдээллийг хэрхэн ил тод болгож байгааг ажиглав. 

2016 оны 12 дугаар сард 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ зөвхөн 1 аймаг л бүрэн мэдээлж байсан бол 2017 оны 1 дүгээр сард 5 аймаг 100 хувь нийтэлсэн ахиц гарчээ. 

Гүйлгээний тоо

Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээг нийт 20 аймгийн ЗДТГ нийтэлжээ.

Увс аймгийн ЗДТГ хамгийн олон буюу 11 мэдээлэл нийтэлсэн бол Сүхбаатар аймгийн ЗДТГ огт нийтлээгүй байна. 

 

  • Гүйлгээнд холбогдох шийдвэрийг зөвхөн гурван аймаг Төв (3) Өмнөговь, Завхан (2) нийтлэжээ.
  • 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтын мэдээллийг 21 аймгийн ЗДТГ-аас 4 нь Ховд (2) Өвөрхангай, Хөвсгөл, Завхан (1) нийтэлсэн. Мэдээлэл нийтлээгүй зарим ЗДТГ “тухайн сард 5 саяас дээш төгрөгийн худалдан авалт хийгдээгүй” гэсэн тайлбар өгчээ. 
  • Хуулийн дагуу 1 дүгээр сарын 10- ны дотор нийтэд ил тод болгох ёстой тухайн оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зөвхөн 5 аймгийн ЗДТГ (Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл) нийтэлжээ. 
  • Нийт 21 аймгийн ЗДТГ 2017 оны батлагдсан төсвөө 1 дүгээр сарын 10-ны дотор буюу хуулийн хугацаанд нь ил тод болгожээ. Харин төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг Баян-Өлгийгөөс бусад аймгийн ЗДТГ хуулийн хугацаанд нь буюу 2 дугаар сарын 8-ны дотор ил тод нийтэлжээ. 

ННФ-аас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран мониторинг хийж дүнг сар бүр мэдээлж байна. Дүнг www.forum.mn цахим хуудаснаас үзнэ үү. 

 

Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форум

Зураг
13 | 18 | 18 цаг