Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэд бүтэцгүй "100 айл" хэдий болтол оршин тогтнох вэ...

С.Уул
2017 оны 4 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

- Дэд бүтэцгүй бол мянган үйлдвэр бариад ч ашиггүй гэж ярьдаг. Гэвч 100 айл хотын А бүсэд байрлалтай хэрнэ дэд бүтцийн асуудлыг худалдаачид огтхон ч хөндөж ярьдаггүйд хэргийн гол учир оршиж буй юм -

Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотоо цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл, утаатай, мухар, тахир гудамжтай гэр хорооллыг бий болгохгүй. Орчин үеийн хот төлөвлөлтийн дагуу зам, ус, дэд бүтцийнх нь асуудлыг шийдсэн шинэ төлөвлөлтийг бий болгоно" хэмээж нийслэлчүүдээс урмын үг сонсож байсан.

Тэгвэл хотын даргын нэн түрүүнд анхааралдаа авч шийдэх ажлын нэг бол 100 айл орчмын зах. Тус захууд нь өнгөрсөн хугацаанд ямар ч дэд бүтэцгүй дээсэн дөрөөн дээр дэнжгэнэсээр өнөөг хүрсэн.

Тухайлбал, замын түгжрэл нь дээд цэгтээ хүрч, олон нийтийн тэвчээрийг бардгийг бид бүхэн мэднэ. Яг үнэндээ захын худалдаачид төмөр замаас хол учраас чингэлэг тээвэрлэх боломжгүй, агуулахын зай талбайгүй, хотын төв замтай ойр байрлалтай, хөрс усны бохирдолтой, гал усны гамшгийн үеийн ямар ч менежментгүй хэр нь тохиромжгүй байршилд талж томорсоор машин бүү хэл явган хүн явах ч зай талбай хомсхон болсныг бид өдөр бүр л харж байна.

Тиймээс дэд бүтэц нь хөгжөөгүй 100 айлын захуудын асуудалд яаралтай арга хэмжээ авч нүүлгэн шилжүүлэлт хийх хэрэгтэй гэдгийг нийслэлд амьдардаг иргэн бүр харж байгаа. Уг нь дэд бүтэцгүй бол мянган үйлдвэр бариад ч ашиггүй гэж ярьдаг. Гэвч 100 айл нь хотын A бүсэд байрлалтай хэр нь дэд бүтцийн асуудлыг худалдаачид нь огтхон ч хөндөж ярьдаггүйд хэргийн гол учир оршиж буй юм.

Тиймээс л хэвлэл мэдээллийнхэн өнгөрсөн хугацаанд хоточ банхрынхаа үүргийг гүйцэтгэж иргэний үгийг төрд дамжуулж “Хотын төвд хавдар шиг бугшсан 100 айлын барилгын төвийг яаралтай хотоос гаргах шийдвэр гаргаач” хэмээн олонтоо бичиж байсан удаатай. Хэдийгээр энд бусдын үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдах ч гэлээ хэдхэн хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг хийгээд эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг худалдаачид мэдэж байгаа.

Угтаа бол манайх шиг хотынхоо төвд зэрэглэл хамгийн өндөртэй газартаа барилгын материалын бөөний цэг байгуулчихсан улсын нийслэл хаана ч үгүй. Өөрөөр хэлбэл, тус газрын хотын төвийн А зэрэглэлийн бүс гэж нэрлэдэг хэр нь гэр хороолол, дугуй засварын газар, барилгын материалын захаар дүүрчихсэн нь нийслэлийн хөгжлийн өнгийг иймэрхүү байдлаар тодорхойлж байгаа нь үнэхээр харамсалтай.

Дээр дурдсанчлан замын түгжрэл, утаа, тоосжилт, үерийн аюултай бүс гээд яриад байвал 100 айлд асуудал олон. Мөн гэр хорооллын гудамжууд нь хогийн цэг, муу усны нүх, жорлон болж хувирсан дээрээс нь барилгын материалын элдэв хогтой хаяа дэрлэн оршиж буй УБЕГ, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг бидний хэлж заншсанаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг гээд бүгд тус газарт төвлөрсөн байхад одоог хүртэл дорвитой шийдэлд хүрч чадахгүй нь хачирхалтай.

Тухайлбал, манай нийтлэлийн дараа өөрийгөө Н.Мөнхмаа гэж танилцуулсан эмэгтэй бидэнтэй утсаар холбогдож дараах зүйлийг хэлж байсан юм. Тэрбээр “Манайх Улсын бүртгэлийн төвийн ард нүүж ирээд найман жил болж байна. Энд өвөл нь ус угаадас, өтгөн утаа, зун нь эдгээр үнс, угаадас нь гэгч үнэр нь дийлдэхгүй аймар байдаг. Дээрээс нь тус газарт ямар ч дэд бүтэц байхгүй хэр нь өдөр, шөнөгүй үргэлж машин холхиостой байдаг.

Тиймээс 100 айлын захыг яаралтай нүүлгэж энэ хавиар амьдарч байгаа олон мянган иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалаач гэсэн танай сонины нийтлэлийг дэмжиж байгаагаа хэлмээр байна. Төр засаг хэдхэн хүний эрх ашгийг эрэмбэлж байхын оронд тус газарт орон сууц худалдаж авсан олон мянган хүний байр сууцыг гэнэтийн аюул ослоос хамгаалж 100 айлыг яаралтай нүүлгэх арга хэмжээ аваачээ гэж хүсмээр байна” гэсэн юм. Манай сонины өмнөх дугааруудад тус газарт амьдардаг иргэд яг л дээрх иргэний хэлсэн үгийг “тоть” шиг олон удаа давтан хэлж байсан.

Тиймээс л 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдийг хотын зах руу нүүлгэх нь нэн чухал хийгээд хэд гурван төгрөгийн ашгаас илүүтэйгээр тэнд амьдарч, ажиллаж байгаа иргэд, өсөж томорч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч, ирээдүйд мөнгөөр худалдаж авах тийм нөхцөл байдал үүсэх аюулд орчхоод байгааг шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдсэн ч мэдээгүй царайлан сууж байгаа нь хамгийн том эмгэнэл. Хамгийн наад зах нь Монгол Улсын иргэний бүхий л архив, мэдээлэл ямар их эрсдэл дунд байгааг анзаарахгүй орхиж боломгүй санагдах юм.

Эцэст нь хэлэхэд дэд бүтэцгүй хэрнэ хөрөнгө мөнгөндөө эрдэж худалдаа наймаа эрхэлсээр байгаа хэдхэн хүний эрх ашгийг хаацайлж хамгаалахын оронд хуулиа хэрэгжүүлж чаддаг, хяналт тавьж чаддаг бол албадан нүүлгэх хамгийн оновчтой аргыг хэрэгжүүлж ч болмоор харагдаад байгаа юм даа. Ямартай ч дэд бүтэцгүй хэрнэ тохиромжгүй байршилд тэлж томорсоор байгаа 100 айлыг одоо л анхаарах цаг нь болжээ.

Зураг