Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны салбарын манлайлагчид АмЧамын уулзалтаар ил тод байдал, ОУ-ын стандартын засаглал болон тайлагналттай байхыг онцоллоо

ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN

2017 оны 4-р сарын 12-ны Лхагва гарагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 4-р сарын уулзалтаа олон улсын болон дотоодын банкны салбарын манлайлагчидтай Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтанд Монголбанкны Ерөнхий эдийн засагч Ж. Ганбаатар, Хас банкны гүйцэтгэх захирал М. Болд, Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Бэлл, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гүйцэтгэх дэд дарга Р. Коппа, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец болон АмЧамын ТУЗ-ийн гишүүн бөгөөд Ай Эн Жи банкны суурин төлөөлөгч Эрик Версавел нар оролцлоо.

Энэхүү уулзалтад АмЧам-ийн гишүүд болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 90 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм. Зочин илтгэгчид “Монголын банкны салбар: Бэрхшээл, Боломж болон Шийдэл” гэсэн сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцож салбарын голлох асуудлууд болох Олон улсын валютын сан (ОУВС)-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэх салбарын аудит, хадгаламжийн хүүнээс авах татварын асуудал, олон улсын банкны салбар байгуулахын эерэг, сөрөг талууд, болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлал сэдвүүдээр үзэл бодлоо хуваалцаж тодорхой шийдэл санал болгож, асуулт хариултын хэсэгт оролцлоо.

 

Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд хэлэлцүүлгийг эхлүүлж хэлэхдээ

“Банк өсч хөгжиж байхад сул талууд нь анзаарагддагүй харин бэрхшээл тулгарахад тод илэрдэг. ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу хийгдэх банкны салбарын аудит нь илүү хүчирхэг бас эрүүл банкны салбарыг хөгжүүлж зарим нэг сул тал болж болох тэр зүйлсийг урьдчилан олж тогтооход тус болно” гэсэн юм.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Ж. Ганбаатар банкны салбарын аудитийн талаар

“Монголбанк энэхүү аудитыг хийж гүйцэтгэх олон улсын туршлагатай аудитийн байгууллагыг шалгаруулах тендер зарласан байгаа” хэмээн мэдээлэл өгч дотоодын банкуудын өсөн нэмэгдэж буй өрсөлдөх чадвар болон стандартыг үнэлэн “банкууд илүү мэргэжлийн, бие даасан ТУЗ-ийн гишүүдтэй болж байгаа нь засаглалын стандарт болон ил тод байдлаа сайжруулахад нь нөлөөлж байна” гэж цохон тэмдэглэсэн юм.   

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гүйцэтгэх дэд дарга Рэндолф Коппа олон улсын банк Монгол улсын зах зээлд орж ирэх талаар хэлсэн үгэндээ

“Одоогийн Монголын банкны системийн байдал, олон улсын дүрэм журмийн нийцлийн асуудал болон улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн Монголын зах зээлд орж ирж үйл ажиллагаа эрхлэх сонирхол олон улсын банкуудад их байхгүй” гэсэн юм. 

АмЧамын ТУЗ-ийн гишүүн бөгөөд Ай Эн Жи банкны суурин төлөөлөгч Эрик Версавел уулзалтыг хааж хэлсэн үгэндээ

“Банкны салбарт бэрхшээлүүд бий боловч ихэнх тохиолдолд зөв гарц, шийдлийг нь олж чадвал бэрхшээлүүд нь боломж болдог. АмЧам Монгол нь өөрийн гишүүд, Санхүүгийн салбарын Хороо болон холбогдох бүх талуудтай хамтран ажиллаж бодлогын бодит өөрчлөлт хийж  олон улсын стандартыг Монгол улсын санхүүгийн салбарт бүрэн дүүрэн нэвтрүүлэхийн төлөө  ажиллана” хэмээн онцлон тэмдэглэв.

 

АмЧамын Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
10 | 6 | 5 цаг