Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос, Сири улсууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар АНУ-тай сөргөлдөж, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Хойд Солонгос, Сири улсууд саяхан харилцан мэндчилгээ хүргэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ амлацгаасан байна.

Өнөөдөр Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээлэхдээ Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассад хоёр хэсэг мэндчилгээг Ким Жон Унд ирүүлсэн гэнэ. Нэг нь энэ сард тохиож буй Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ойд зориулсан бол нөгөө нь одоогийн удирдагч Ким Жон Уны төрийн эрхэнд гарсны 5 жилийн ойн мэндчилгээ байжээ.

Ассадын мэндчилгээнд хоёр улс адилхан гадаадын түрэмгийлэгч гүрнүүдийн эсрэг тэмцэж байгааг дурдаад, хоёр орны ард түмэн үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах үйлсэд сэтгэл санаа нэгтэй байгааг илэрхийлсэн байна.

Мөн хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа дурдсаныг KCNA мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн засгийн газрын агаарын баазад АНУ цохилт өгсөн өдөр Ким Жон Ун мөн Сирийн ерөнхийлөгч Ассадад мэндчилгээ илгээсэн юм. Мэндчилгээ нь Сирийн эрх баригч Баат намын үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан байжээ.

Ким Жон Ун мэндчилгээндээ Сирийн засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ажиллахаа мэдэгдсэн байв.

Ким Жон Уны аав Ким Жон Илийн үед Хойд Солонгос Сирид олон тооны зэвсгийн технологи нийлүүлж байсан гэгддэг юм.

 

Эх сурвалж: Korea Times