Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын алхам Солонгосын хойгийн олон сая хүнийг эрсдэлд оруулж байна гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп

Солонгосын хойгийн орчимд тэнгисийн цэргийн хүчийг илгээсэн явдал нь олон сая хүний амь насыг эрсдэлд оруулж байна гэж конгрессийн гишүүн АНУ-ын ерөнхийлөгчид анхааруулжээ.

АНУ-ын тэнгисийн хүчин 100,000 тонн жинтэй USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгчийг дагалдах хөлгүүдийн хамт Номхон далайн баруун хэсэгт шилжин байрлах тушаал өгсөн нь Хойд Солонгосын дэглэмд дарамт шахалт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ он гараад Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин хэдэнтээ туршиж, энэ сарын 15-ны өдөр буюу улс орныг үүсгэн байгуулагчийн мэндэлсний 105 жилийн ойгоор дахин туршиж магадгүй байгаа.

 Ардчилсан Намын конгрессийн гишүүн, АНУ-ын агаарын хүчний чөлөөнд гарсан хурандаа Тэд Лью твиттер хуудсандаа Дональд Трампад хандан “Хойд Солонгос бол Сири биш. Тэд цөмийн зэвсэгтэй, Өмнөд Солонгосыг сүйрүүлэх чадвартай. Таны хийж байгаа алхам Солонгосын хойгийн олон сая хүнийг үхэлд хүргэх эрсдэлтэй” гэж бичжээ.

“Сүүлийн 48 цагийн дотор ерөнхийлөгч та Сири болон Өмнөд Солонгост байгаа АНУ-ын цэргүүдэд тохиолдож болзошгүй эрсдлийг огцом нэмэгдүүллээ” гэж тэр бас анхааруулсан байна.

Мөн “Хэрвээ ингэж сүр хүчээ үзүүлсний дараа Хойд Солонгос пуужингийн туршилтаа хийвэл яах вэ? Тэдэнд цохилт өгөх үү?” гэж ерөнхийлөгчөөс асуужээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард конгрессийн зөвшөөрөлгүйгээр Дональд Трампад цөмийн цохилт түрүүлж өгөх эрх олгохгүй байх тухай хуулийн төслийг ноён Лью өргөн барьж байв.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд бүх арга хэмжээг, түүний дотор цэрэг зэвсгийн цохилт өгөх боломжийг ч авч үзэхэд бэлэн байгаагаа Вашингтоны эрх баригчид зарлаад байгаа. Харин Тэд Лью боломжит арга хэмжээнүүдийг хамгийн эрсдэл багатайгаас нь эхлэн хэрэгжүүлж, шууд цэрэг дайны асуудалд шилжихээс аль болох зайлсхийхийг уриалж байгаа юм.

Өнгөрсөн сард Хойд Солонгос АНУ-тай дайн хийхэд бэлэн байгаагаа зарласан. Тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Манай цөмийн хүч бол шударга ёсыг сахиулах илд бөгөөд социалист эх орон, ард түмнээ дайснаас хамгаалах хамгийн найдвартай зэвсэг юм. АНУ-ын хүсч байгаа ямар ч дайнд бид хариу цохилт өгөх чадвартай” гээд “Бизнесмэн байгаад төрийн алба хаших болсон этгээд биднийг айлгаж чадна гэж бодож байвал ийм арга явуургүй гэдгийг удахгүй ойлгох болно” гэжээ.

 

Эх сурвалж: Independent