Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Сант Марал"-ын судалгаагаар ерөнхийлөгчийн сонгуульд СОНГОГЧИД ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ?

Б.Ану
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгаагаа танилцуулаад байна. 

Судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудийн 1,200 иргэнийг хамруулсан байна. 

Судалгааг 2017 оны гуравдугаар сарын 10-30-ны хоорондох үед хийжээ.  Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлж хийлгэжээ. 

Тус судалгаанаас сонирхолтой байж болохуйц ДОЛООН үр дүнгээс танилцуулвал:

1.  Одоогийн эдийн засаг 

"Монголын өнөөгийн эдийн засгийн байдлыг ерөнхийд нь ямар гэж үзэж байна вэ" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу  48.7 "муу байна" гэж хариулсан бол 12.3 хувь нь "маш муу байна" гэж хариулжээ. Харин 34.6 хувь нь "сайн ч биш, муу ч биш" гэж хариулав. Үүнээс үзвэл иргэдийн дийлэнхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг илэрхийлсэн байна. 

2. Ирээдүйтэй итгэлтэй байна уу?

Харин ирээдүйн тухай буюу "Таны бодлоор 5 жилийн дараах Монголын эдийн засгийн байдал" ямар байх бол гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 47.9 хувь нь "бага зэрэг сайжирсан байна" гэж хариулсан нь Монголчууд ирээдүйдээ бага ч болтугай эерэг хүлээлттэй байгааг харуулж буй болов уу. Харин одоогийн түвшнээс дор байна гэж судалгаанд оролцогчдын 10 орчим хувь нь үзжээ. 

3. Ажилгүйдэл иргэдийн санааг зовоож байна

 "Нийгэм-Улс төр-Эдийн Засгийн тулгамдсан асуудлууд"-ыг иргэд нэрлэхдээ хамгийн түрүүнд "Ажилгүйдэл" гэжээ. Өөрөөр хэлбэл нийт судалгаанд оролцогчдын 43.3 хувь ажилгүйдэл өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал гэжээ.  Харин үүний дараа иргэдийн санааг зовоож буй асуудал амьжиргаа байна. Иргэдийн 15 хувь нь иргэдийн амьжиргаа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал гэжээ. Иргэдэд хамгийн их тулгамдаж буй "Ажилгүйдэл"  гэгчийг шийдэх чадвартай нь Ардчилсан Нам гэж үзжээ. 

4.  Нам иргэдийн төлөөлөл болж чаддаггүй

"Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу?" гэсэн асуултад иргэдийн 81.3 хувь нь илэрхийлдэггүй гэжээ. 

5.  Ерөнхийлөгчид УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэв

"Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ?" гэсэн асуултад Улаанбаатарт Н.Энхбаяр, Хөдөөд Б.Бат-Эрдэнийг хамгийн их дэмжсэн байна. Дунджаар энэ асуулгад Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүлжээ. 

График 1, Хот ба хөдөөд тэргүүлсэн улстөрчид ( Асуулт: Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ?)

График 2, Орон даяар тэргүүлсэн улстөрчид ( Асуулт: Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ?)

6. Рейтинг өндөртэй улстөрч 

Ерөнхийлөгчөөс гадна хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр хотоос УИХ-ын гишүүн С.Жавхлан тодорсон байна. Харин  “Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ? гэсэн асуултад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүлжээ. 

7.  Эцэст нь, 

"Ерөнхийдөө нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу?" гэсэн асуултад судалгаанд оролцогч 1,200 иргэний 79.9 буюу 80 хувь нь "Шудрага бус нь илүү байна" гэж хариулжээ. 

Судалгаатай бүрэн эхээр нь танилцах боломжтой:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.