Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын цохилт өгсөн Сирийн цэргийн бааз дахин ажиллаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Пүрэв гарагт Сирийн агаарын цэргийн баазад гэнэтийн пуужингийн цохилт өгсөн билээ. Гэвч химийн зэвсэг хэрэглэж, энгийн иргэдийн аминд хүрсэн Ассадын засгийн газрыг хашраах зорилготой гэх цохилт хэр үр дүнтэй болсон талаар асуудал яригдаж эхэллээ.

АНУ-ын конгрессийн зарим гишүүд, цэргийн шинжээч нар Газар дундын тэнгисээс харвасан 59 томагавк пуужин Шайрат агаарын баазын хөөрөх зурвасуудыг устгаагүй байна гэсэн шүүмжлэл гаргасан юм. Трампын засаг захиргаа цохилт амжилттай болж, онгоц цэнэглэх станцууд, онгоцны нуувч, зарим онгоцнуудыг устгасан гэж мэдээлсэн байна.

Тэгвэл Дональд Трамп өөрийн тушаалаар гүйцэтгэсэн цохилтыг өмөөрч, твиттер хуудсандаа “Хөөрөх зурвасыг буцаан сэргээхэд хялбар, зардал бага тул бид байгаа болгоогүй юм” гэж Ням гарагт бичжээ. Энэ үед тэр БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзсаны дараа Палм Бичэд гольф тоглон амарч байсан юм.

Гэвч Бямба гарагт Сирийн засгийн газрын нисэх онгоцнууд өмнө нь химийн зэвсгийн цохилтод өртсөн гэгдэж байгаа тосгоныг дахин бөмбөгдсөн байна. Мөн Сирийн Хомс мужийн захирагч Америкчуудын цохилтод өртсөн агаарын бааз дахин ажиллаж эхэлснийг зарлажээ.

Хомс мужийн захирагч Талал Барази “Агаарын бааз ажиллаж эхэлсэн. Нисэх онгоцнууд эндээс хөөрч байгаа” гэж хэвлэлд мэдэгдсэн байна.

Энэхүү цохилтоо Ассадын химийн зэвсгийн хүчин чадлыг бууруулах зорилготой гэж Вашингтон тодорхойлж байсан бол анхны зорилгодоо хүрсэн эсэх нь эргэлзээтэй болж байна.

Мөн Трампын энэ алхам Америкийг эхэнд тавьж, бусад улс орнуудын газар нутагт дайн байлдаан явуулахгүй гэсэн амлалтаасаа буцсаны илрэл эсэхийг ч Цагаан ордныхон хэлж чадахгүй байна. Энэ талаар Трампын зөвлөхүүд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ассадын дэглэмийн эсрэг дахин цохилт өгөхгүй, нэг удаагийн арга хэмжээ гэж хэлж чадахгүй ч энэ нь Ойрх Дорнодын хэрэг явдалд АНУ оролцоогоо гүнзгийрүүлнэ гэсэн үг биш гэжээ.

 

Эх сурвалж: Washington Post