Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

НЗДТГ-т аудитын шалгалт оруулахаар болжээ

Өглөөний сонин
2017 оны 4 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Түүхэнд байгаагүй их мөнгийг юунд зарцуулж байсныг шалгуулна-

Өнгөрсөн 2015 онд хотын дарга асан Э.Бат-Үүлийг түүхэнд байгаагүй их мөнгөтэй Засаг даргаар тодорч байна хэмээн хэвлэлүүд онцлон бичиж байсан билээ.

Тухайлбал, 2000-2005 онд хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдын үед нийслэлийн орлого жилдээ 26.3-51.1 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан гэдэг. Тэрбээр уг мөнгөөр цалингаа тавьж, бүтээн байгуулалтаа хийж, нийслэлийн хөгжлийг урагшлуулж чадаж байсан.

Үүний дараа 2006-2007 онд Ц.Батбаярыг ажиллаж байх үед 43.7 тэрбум, 2007 онд 52.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрч байжээ. Ингээд Б.Билэгт 65.5 тэрбум төгрөгийг зарцуулаад ажлаа Г. Мөнхбаярт өгч, түүнээс хойш Улаанбаатар хот 2009 онд 133.3 тэрбум, 2010 онд 164.2 тэрбум, ,2011 онд 246.4 тэрбумын орлого олжээ. Энэ бол хамтарсан Засгийн газар байгуулагдсан, эдийн засаг өсөж байсан үеийн үзүүлэлт юм.

Тэгвэл Э.Бат-Үүлийн үед нийслэлийн төсвийн орлого түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч огцом нэмэгджээ. Тодруулбал, 2012 онд нийслэлийн төсвийн орлого 348.2 тэрбум, 2013 онд 474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум гээд гэрлийн хурдаар өсөж байсан аж. Тэгвэл энэ их мөнгө чухам юунд зарцуулагдаж, ямар, ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна.

Үүнтэй холбогдуулан одоогийн нийслэлийн удирдлагууд Нийслэлийн засаг даргын тамгын газарт аудитын шалгалтыг таван чиглэлд оруулахаар болжээ. Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцуулсан.

Тодруулбал, нэгдүгээрт нь, “Гудамж” төслийн хүрээнд төсөвт өртөг үндэслэлгүй нэмэгдүүлсэн эсэх, хоёрдугаарт нь, ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрх олгосон эсэх, зөвшөөрөлгүй газар байршуулах боломжийг олгосон эсэх дээр дүгнэлт гаргах, гуравдугаарт нь, гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалтын хүрээнд хийгдсэн ажлыг шалгах, дөрөвдүгээрт нь, Нийслэлийн газрын албанаас хууль зөрчин Төрийн байгууллагад газар олгосон зарим асуудлыг нягтлан шалгах, тавдугаарт нь, нийслэлийн авто замыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажилд аудитын шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлтийг гаргах зэрэг дээрх таван үндэслэлээр шалгалт оруулж, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулна.

Үүнээс гадна байгууллагын нууцын хэмжээнд авагдсан бүх материалыг төрийн аудитын байгууллага ижил түвшинд хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ ханган биелүүлж ажиллах болно хэмээсэн юм.

Түүхэнд байгаагүй их мөнгийг зарцуулж байсан хотын өмнөх удирдлагууд хөрөнгийг зөв зохистой зарцуулж байсан уу гэдгийг аудитын байгууллагаар ийнхүү шалгахаар боллоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлт

"2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалт явуулжээ. 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, гурав нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байгаа тухай Нийслэлийн засаг даргын тамгын газраас саяхан мэдээлж байсан билээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байжээ. Харин өнөөдрийн байдлаар энэ тоо 7,000 ч хүрээгүй явж байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж" байгаа.

2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7,000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцад амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчхаад байгаа тухай мэдээллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлжээ.

2012-2016 оны хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл уг мөнгөөр хийсэн ажил нь үнийн дүнтэйгээ дүйцэхгүй байгаа талаар зарим иргэний хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний тооцоогоор уг мөнгөөр 10 мянган айлын орон сууцад урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, дахин төлөвлөлтийн хүрээнд 5,000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байжээ. Энэ бүх мэдээлэл дээр үндэслэн аудитын байгууллага шалгалт явуулах гэж байна.

Гудамж төсөл 200 сая ам. долларын санхүүжилттэй

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ. Гудамж төсөлд Чингис бондоос 200 сая ам.долларын санхүүжилт гаргах шийдвэрийг тухайн үеийн холбогдох байгууллагаас гаргаж байв. Мөн газар чөлөөлөх зэрэг ажилд 200 мянган ам.долларыг зарцуулахаар шийдвэрлэж байжээ.

Уг төслийн хүрээнд түгжрэл ихтэй 33 уулзварыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийх, мөн Сэлбэ болон Туул гол дагуу 28-30 км хурдны авто замын ажлыг хийхээр болоод байлаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргаж байсан. Тухайлбал Засгийн газрын 90 дүгээр тогтоол гарч 38 нэр төрлийн бараа үйлчилгээг авах тендерийг шууд гэрээлэх зарчмаар явуулах зэрэг шийдвэрийг гаргаж байв.

Мөн гудамж төслийн хүрээнд хийгдэх уулзвар шинэчлэх ажлыг шууд гэрээлэх зарчмаар явах зохицуулал!- ч орж байлаа. Энэ бүхэн нь эргээд олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдах үндэслэл болсон гэх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Уг төслийн хүрээнд нэг уулзварыг шинэчлэх ажлыг 1-2 тэрбум төгрөгт багтаан хийж болох байтал 4-6 тэрбум төгрөгөөр хийдэг байсан гэх явган яриа хүртэл бий. Энэ бүхний үнэн худлыг аудитын шалгалт ийнхүү дэнслэхээр болж байна.

ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрхтэйгээр олгосон уу

Олон нийт иргэний хяналт ТББ-ын тэргүүн А.Батзориг гуай Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, хотын Ерөнхий менежер асан Бадрал нарыг хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож түмний нэр ашиглан ТҮЦ эрхлэгч гэх нэрийн дор томоохон мөнгөний ажлыг хийх боломжийг хэсэг бүлэг этгээдэд өгчихсөн хэмээн олон нийтэд мэдээлэл хийж байсан.

Тэрбээр “Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нэрийн дор төмөр ТҮЦ-ийг нураах ажлыг дөрвөн жилийн өмнө хийсэн. Оронд нь "Киг” ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх ТҮЦ-ийг хотын гудамжинд байршуулж эхэлсэн. Нэг ийм ТҮЦ 10-11 сая төгрөгийн үнэтэй. Ийм өндөр үнэтэй ТҮЦ-ийг хүн бүр худалдан авч дөнгөхгүй. Иймээс мөнгөөрөө худалдан авсан хүнд ТҮЦ байршуулах газрыг нь зохицуулж өгнө.

Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгнө гэх зэргээр мунхруулах ажлыг хийсэн байх юм. Гэтэл яг ийм ТҮЦ-ийг хийхэд ердөө л дөрвөн сая төгрөг орох тооцоог барилгын компаниуд мэдэгдээд байна. "Киг” ХХК нь 300 ширхэг ТҮЦ үйлдвэрлэж, хотын гудамжинд байршуулсан байна.

Үүнийгээ иргэдэд худалдаж гурван тэрбум төгрөгийг олсон байх боломжтой. ТҮЦ эрхлэх бүхий л зөвшөөрлийг нь арын хаалгаар гаргуулж иргэдэд өгсөн байх магадлалтай. Харин хотын гудамжинд байрлаж байгаа 1,500 ТҮЦ-ийн 1,200 нь түрээснийх. Тэдгээрийг өнөөх л "КИГ" ХХК түрээсэлж байна. ТҮЦ үйлдвэрлэгчээс гадна бас нэгэн хэний эрх ашгийг хамгаалах гэж байгаа нь ойлгомжгүй нэгэн байгууллага байдаг. Тэр нь ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгч юм. Уг холбоо нь ТҮЦ эрхлэгч гэх түрээслэгч нараас 200-300 мянган төгрөгийн хураамж авдаг" гэж байв.

Ямартай ч дээрх мэдээлэл үнэний ортой эсэх нь удахгүй аудитын газрын шалгалтаар эцэслэн тогтоогдох бололтой.

Зураг