Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Хойд Солонгос зэвсэгт мөргөлдөөнд хүрэхэд ойрхон боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн цэргийн бүлэглэл Ням гарагт Номхон далайн баруун хэсэг рүү шилжин байрласан нь Солонгосын хойгт ойртсон явдал байлаа. USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгчийн тэргүүлсэн бүлэглэл нь хэд хэдэн пуужин эсэргүүцэгч хөлгүүдээс бүрддэг, цохилт өгөх үндсэн үүрэгтэй юм. АНУ-ын зэвсэгт хүчний Номхон далайн командлал тус бүлэглэлийг Бямба гарагт Сингапураас хойд зүгт шилжих даалгавар өгсөн байна.

Солонгосын хойгт хурцдаад байгаа сөргөлдөөнд АНУ эрс алхам хийх вий гэсэн болгоомжлол эндээс төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-Хойд Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал өндөр болж байна.

АНУ-ын 30,000 цэрэг Өмнөд Солонгост байрладаг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзахдаа Хойд Солонгосын эсрэг арга хэмжээг дангаараа хэрэгжүүлэхээс буцахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ уулзалтын маргааш нь Америкчууд цохилт өгөх чадвартай бүлэглэлийг Солонгосын хойг руу илгээсэн нь энэ юм.

Үүнээс гадна Пүрэв гарагт Трамп Сирийн агаарын баазад гэнэтийн цохилт өгсөн нь Хойд Солонгост өгсөн анхааруулга гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Бямба гарагт Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Антай утсаар ярьж, Хойд Солонгосын асуудлаар ойр холбоотой байхаар тохиролцсоныг Вашингтон мэдээлсэн байна.

АНУ-Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн жил бүрийн сургуулилалтыг өмнө нь “хориглон хамгаалах” зорилгоор явуулдаг байсан бол энэ жилийнхийг “урьдчилан цохилт өгөх” зорилгын дор гэж хаягласан нь сөргөлдөөн хэр эрчимжсэнийг харуулж байна. Үүний хариуд Пьёньян цөмийн зэвсэг болон пуужингийн зэвсэглэлээ эрчимтэй хөгжүүлэх болсон юм.

Гэвч нөгөө талаар Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадлын талаар нарийн мэдээлэлгүй байгаа нь Америкчуудыг шийдвэртэй алхам хийхээс болгоомжлоход хүргэж байна. Сөүлийн Ханкук Олон Улс Судлалын Их сургуулийн судлаач Хван Жэ Хо “Хэрвээ мэдээлэл дутуугаас АНУ цөмийн зэвсгийг нь бүрэн устгаж чадахгүй юм бол Пьёньян даруй Өмнөд Солонгос, Япон, тэр ч байтугай АНУ-д хариу цохилт өгч чадна” гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post