Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ гаргадаг төрийн албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийг офшор бүсэд данс эзэмшихийг хориглоно гэв

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе. 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил: Хориглолт хэнд хамаарах гэхээр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38,900 хүний гэр бүлийн гишүүн 3 хүн гээд тооцвол нийт 120 мянган хүний асуудал яригдах юм. Бодит амьдрал дээр ХОМ гаргаж байгаа яамны түшмэлээс дээш албан тушаал хашдаг хүн байна. Хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтан буюу 300 хүний ар гэр, нэгдмэл сонирхолтой хүмүүсийг офшорт данстай байхыг хориглоно гээд тусгаж болохгүй юу. Мөн авлигад өртөмтгий албан тушаалтнуудаа нэмж тусгаад явчихаж болох юм гэж үзэж байна. Тэгэхгүй бол ХОМ гаргадаг бүх хүний гэр бүл гэвэл хууль хэрэгжүүлэхэд хэцүүднэ шүү дээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 17 тэрбум ам.доллар офшор бүсэд байгаа тухай мэдээлэл нилээдгүй асуудал болоод байна. Энэ нь 10 жилийн төсвийн орлоготой тэнцэх их хэмжээний мөнгө шүү дээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс гэнэт хөрөнгөжсөн, хууль бусаар олсон мөнгөө офшор дансанд аваачиж нуудаг асуудал 2013 оноос хойш яригдаж байгаа. Хуулийн зохицуулалтгүй болохоор хариуцлага ярьж болохгүй байгаа юм. Тиймээс хуультай болох хэрэгтэй байгаа юм. Мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих, авлига авах гэмт хэрэгт оноох ял харьцангуй бага байсан бол одоо хөрөнгийг нь хурааж, ял онооно.

Хуулийг хэрэгжүүлэхэдээ олон улсын байгууллагууд буюу Олон улсын валютын сан, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага зэрэг байгууллагатай хамтран ажиллах ёстой. 17 тэрбум ам.доллар гээд яриад байгаа юм. Үнэн юм уу худлаа юм уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Мөн офшор данстай гэгдээд байгаа 49 хүний мэдээлэл бол нэг л хуулийн фермеес гарсан мэдээлэл.

Ард иргэдээ төөрүүлж байгаа нь мэдэгдэхгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цөөнгүй гараад байна. Иймээс энэ хуулийг баталчихвал хуулийн дагуу төрийн албан тушаалтнууд офшор данстай эсэхээ заавал мэдүүлэх ёстой, мэдүүлээд хөрөнгөө оруулж ирэх ёстой оруулж ирэхгүй бол хариуцлага хүлээх асуудлыг ярьж болох гээд байгаа юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал: Хууль зүйн нотолгоотой мэдээллийг бид гарган тавих ёстой. Төрийн бус байгууллагын аль эсвэл хэн нэгэн, аль нэг нийгэмлэгийн мэдээллийн дагуу бид дуугараад байж болохгүй байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Төрийн албанд хоёргүй сэтгэлээр хандана гээд зүтгэж байгаа төрийн албан хаагч офшорт мөнгөө хадгалуулахыг нь л хуулиар хязгаарлах гэж байгаа юм. Хуулийг боловсруулахдаа судалгаа сайн хийсэн”. 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хууль бусаар орсон орлого одоо болтол урсаад л байна. Далд эдийн засаг манайд тогтчихсон байгаа юм. Зөвхөн офшор бус гадаад дахь дансандаа мөнгөө нууж байгаа асуудалд анхаарч татвар авах хэрэгтэй. Төрөл төрөгсөд гэдэг арай хатуу юм шиг ээ. Гэр бүл, үр хүүхэд гэвэл ямар вэ. Танихгүй төрөл төрөгсөд жишээ нь сонгуулийн үед хорлох гээд офшорт мөнгө нуувал яаах вэ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өргөн баригдсан хуулийн төсөлд төрийн албан хаагчийн гэр бүл үр хүүхдийг буюу нэг гэрт хамт амьдарч байгаа хүмүүсийг офшорт мөнгө хадгалуулахыг хориглож байгаа.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг офшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буураад байна. Иймд хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор АТГ-т ХОМ гаргадаг төрийн албан хаагчдын хувьд гадаад улсын нутаг дэвсгэрт данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч буй.  Иймээс АТГ-т ХОМ гаргадаг төрийн албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүд офшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан хуулийг боловсруулаад байгаа юм.