Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Хадгаламж эзэмшигчдэд 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх

Ж.Отгон
2017 оны 4 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Приус автомашины татвар 25 мянгаар нэмэгдэнэ-

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 10:14 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор асар их хэмжээний зээл босгох, юунд зарцуулах нь тодорхой бус байна. Аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд үүрүүлэх татвар нэмэгдэж орж ирж байна. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ төр өөрөөсөө эхлээд хэмнэлтийн горимд шилжих, тансаг зардлаа танах, илүү орон тоогоо цомхотгох замаар явна гэж бодсон.

Хэмнэлтийн горим авсангүй. Маш олон орон тоо хадгалагдаад үлдлээ. Өнөө, маргаашаа чадан ядан аргацааж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын орлогыг эрс нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад харамсаж байна. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн амлалт юу болов” хэмээн асуулаа. 

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийг хэн, хэзээ ямар болгосон тухай бид жил орчим маргалаа. Одоо маргаанаа зогсоож, эдийн засгаа яаж аврах вэ гэдэг дээр хамтарч ажиллах шаардлага байна. Татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсээ ажилгүй болгох бодлого барих нь оновчтой биш. Тийм учраас тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх, цагдаа, онцгой, эмнэлэг зэрэг онцгой газруудад хоёр хүн тэтгэвэрт гарвал оронд нь нэг хүн ажилд авахаар зохицуулалт хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас УИХ-аас өнгөрсөн онд эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан. Хүндрэлийг эхний 18 сард тогтворжуул гэж УИХ-аас чиглэл өгсний дагуу ОУВС-тай хөтөлбөр тохироод орж ирж байна” гэлээ. 

Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Долоон төрлийн татвар нэмэхээр орж ирсэн, үүнээс аж ахуйн нэгжид хамааралтай ганцхан татвар бий. Бусад нь архи, тамхи, автомашины Онцгой албан татвар. Авто машины Онцгой албан татварыг бууруулсан байсныг буцааж байгаа. Иргэдэд дарамт багатай болгохын тулд валютын ханшаар зохицуулах боломжтой. 5.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ гэдгийг асууж байна, та бүхний тавьсан өрийн хугацааг сунгахад зарцуулна” хэмээн нэмэлт тайлбар өглөө. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан, автомашины татвар хэрхэн нэмэгдэж байгаа, ялангуяа монголчуудын хамгийн их хэрэглэдэг “Приус” маркийн автомашины татвар ямар хэмжээнд нэмэгдэх талаар тодрууллаа. 

Дээрх асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Иргэдийн хэрэглээнд хүндрэл учруулахгүй байх тал дээр судалсны үндсэн дээр автомашины татварыг 3-15 хувь нэмж байгаа. “Приус” машины хувьд татвар 25 мянган төгрөгөөр нэмэгдэхээр Төсвийн тодотголд тусгасан” гэлээ.

Хүүхдийн мөнгийг 40 хувьд л олгоно, үлдсэн нь хүнсний талон авна

Төсвийн тодотголтой холбоотой өөр нэг чухал асуудал нь хүүхдийн мөнгөний асуудал юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хүүхдийн мөнгөний талаар асуумаар байна. Эмэгтэй гишүүдийн санаа зовж байгаа асуудал энэ байна. Амьдралын төвшин доогуур байгаа 40 хувьд л мөнгө өгөхөөр болсон байна. Өмнө нь 60 хувьд өгч байсан. Эдийн засгийн хүнд үед үлдсэн 20 хувьд хэрхэн хандах юм бэ” гэдгийг тодруулсан. Түүнчлэн тэтгэврийн асуудал хэрхэн хөндөгдөж байна вэ.

Тэтгэврийн насыг нэмж байгаа асуудал бол өнөөдөр үйлчилж байгаа хууль байхгүй юу. Харамсалтай нь өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах хүмүүсийн насыг нэмэх гэж байгаа юм шиг хандаад байна. Хуулиа эхлээд засаж залруулах талаар анхаараач хэмээн сануулж байлаа.

Үүний хариуд Сангийн сайд Б.ЧойжилсүрэнТэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Хүүхдийн мөнгөний тухайд Валютын сантай тохирсон тохиролцооны хүрээнд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт буюу 40 хувьд олгоно гэж тохирсон. 
Үлдсэн 20 хувьд хүнсний нэмэлт талон болгож өгөхөөр тодотголд оруулж ирсэн. Зорилтот бүлгийнхэн мөнгөнөөс гадна хүнсний талон ч бас авна” гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хувь хүний хадгаламжийн хөрөнгийг 10 хувь болгоно гэж байна. 

Хадгаламжаа татчихвал яах вэ, мөнгөө татаад үл хөдлөх хөрөнгө болгоод төлөвлөсөн төсөв тасарвал яах вэ гэдэг асуудлыг хөндсөн юм. Үүний хариуд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголбанк, Сангийн яамнаас мэргэжилтнүүд сууж ярилцсан. Банкнаас мөнгөө татвал бодит салбар руу хөрөнгө оруулах байх гэж тооцоолсон. Нэг жилд хадгаламж эзэмшигчид 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх. Хадгаламжийн 15 хувийн хүү байгаа. Энэ тогтолцоог өөрчлөх л хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хариулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа Эрдэнэтийн асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “Засгийн газрын өрийн үлдэгдэл хэд байгаа вэ. Энэ тоо хэрэгтэй байна “Эрдэнэт”-ийг төрд авсан. Энэ мөнгө төсвийн хаана суусан юм бэ. Би хайгаад олсонгүй.

Мөн 2018 онд төлөх өр байгаа. Бонд гаргах талаар мэдээлэл өгөхгүй юү” хэмээв. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газрын өрийн үлдэгдлийн талаар тооцоолол хийсэн. 5.01 их наяд төгрөг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах эх үүсвэрийг тодотголд суулгаагүй. Та зөв харсан байна. 49 хувийг худалдаж авсан талтай хэлэлцээр хийж байгаа. 2018 онд өр төлнө. Үүнд зориулж 2017 онд бонд гаргахаар төлөвлөсөн байгаа” гэсэн тайлбар өглөө.

Ганцхан Шадар сайдын зардал огт нэмэгдээгүй

2017 оны төсвийн тодотголд татвар нэмэх асуудлаас гадна Засгийн газрын зардал нэмэгдээд ороод ирсэн нь олон хүнийг гайхширлыг төрүүлээд байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Бүх сайд нарын төсөв нэмэгдсэн гэж хэвлэлээр мэдээлж байна. Дээд тал нь 160 тэрбумаар нэмэгдсэн гэж байна. Гэтэл та бүхэн төр бүсээ чангална гэсэн, аль нь үнэн юм бэ” хэмээн асуусан. 

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн ‘‘Бүх сайдын төсөв нэмэгдсэн талаар зохион байгуулалттай ч юм уу мэдээлэл тавигдаж эхэлсэн. Боловсруулсан төслийн хамгийн том нөлөөлөл нь ипотекийн зээлийн санхүүжилт болох 111 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж 51.8 тэрбумаар нэмэгдүүлсэн, мах сүүний анхдугаар аяныг үргэлжлүүлэхэд 35 тэрбум суулгасан. Хөгжлийн банк, Засгийн газар хоёр өр, авлагаа салгасан.

Хөгжлийн банкнаас санхүүжих дүн гээд 80 гаруй төсөл арга хэмжээ байсан нь Засгийн газарт ирж, санхүүжүүлэхээр болсны дагуу төсөв ерөнхийлөн захирагчдын нэр дээр тавьсан зардал өссөн дүнтэй харагдаж байгаа” гэлээ. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.ЭрдэнэбатХариуцаж байгаа салбар дээр нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зардал тавигдсан учраас нэмэгдсэн гэдгийг ойлгоорой. Нэг сайдын зардал огт нэмэгдээгүй нь Шадар сайдынх. Сайд нарын бензин, шатахуун, цалинтай холбоотой зардал огт нэмэгдээгүй гэдгийг хэлье” хэмээн тайлбарлав.

Ийнхүү энэ оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсний дараагаар хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.

Зураг