Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхцэцэг: Гар, хөл, амны өвчин нь хүүхдийн гарын алга, хөлийн улан дээр тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
 

Гар, хөл, амны өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байгаа юм. Тиймээс уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн ХӨТМА-ны тархвар судлаач Д.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Сүүлийн үед гар, хөл, амны өвчний тархалт өндөр байх шиг байна. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрч байна вэ?

-Гар, хөл, амны өвчин нь халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах зэрэг хордлогын шинжээр илэрнэ. Түүнчлэн голдуу хоолой, залгиур улайж, амны салст, завж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин.

-Ихэвчлэн бага насны хүүхдүүдэд тохиолдож байх шиг байна. Өвчлөгсдийг насны байдлаар нь авч үзвэл?

-Энэ өвчнөөр аль ч насны хүн өвдөх магадлалтай. Одоогийн байдлаар нийт өвчлөгсдийн 94.6 хувь 0-14  насныхан. Үүний дотор 86.7 хувь нь 0-4 насныхан байгаа. Мөн өвчилж буй хүүхдүүдийн  53.7 хувь нь гэрээр хүмүүждэг бол 44 хувь нь цэцэрлэгийнхэн. Харин долоон хувь нь сургуулийн сурагчид байгаа юм. Гар, хөл, амны өвчин нь хавар, намар, зуны дулааны цагт халдвар нь нэмэгддэг. Энэ оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотод 1,148 тохиолдол бүртгэгдсэн.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Гар, хөл, амны өвчин нь харьцангуй хөнгөн байдаг. Тухайлбал, нийт тохиолдлын 95 хувь нь хөнгөн байгаа бөгөөд өвчлөгсдийн 14 хувь нь эмнэлэгт хэвтсэн. Ихэнхдээ гэрээр эмчлэх зөвлөгөө өгдөг.

Харин энэ өвчний вирус нь хэдэн долоо хоногийн турш хадгалагдаж болдог тул тууралт алга болонгуут цэцэрлэг, сургуульд нь явуулах нь буруу. Ингэснээр вирус бусдад халдварлах боломж бүрдэж байгаа юм. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Мөн гэртээ тогтмол хугацаанд агааржуулалт хийх нь зүйтэй. 

-Ихэвчлэн гэрээр эмчлэх зөвлөгөө өгдөг гэлээ. Хүүхэд нь өвчилсөн бол эцэг, эхчүүд ямар эмчилгээ хийж, юуг анхаарах ёстой бол?

-Энэ өвчин нь агаар дуслын болон ахуйн замаар халддаг. Тэгэхээр гэр бүлийнх нь хэн нэгэн өвчилсөн бол гэртээ ариутгал сайтар хийж, хоёр цаг тутамд агааржуулалт хийж байх хэрэгтэй. Мөн шинж тэмдгийн эмчилгээ буюу амны хөндийг зайлах, дархлааг дэмжих эмчилгээ хийгдэнэ. 

Хөнгөн хэлбэрээр буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь асрах шаардлагатай. Учир нь тууралт арилсан ч вирус хэдэн ч долоо хоног хадгалагдаж байх магадлалтай тул дархлааг нь сайн дэмжих хэрэгтэй.

Харин өвчтөний биеийн халуун 38 хэмээс ихсэх, тууралт нэмэгдэх, шархлах, идээлэх эсвэл бөөлжих, толгой нь өвдөх, амьсгаадах, унтамхай, тайван биш болох, хөөстэй ягаан цэр гарах, гар хөл нь суларвал нэн даруй эмчид хандахыг зөвлөж байна.