Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бумбын тахилга, хувийн машиндаа улсын мөнгөөр шатахуун хийсэн зэрэгт САНГИЙН ЯАМ тодруулга өглөө

Ч.Болортуяа
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайт  энэ сарын 4-нд  “Бумбын тахилга зэрэгт мөнгө зарцуулсан Сангийн Яам АУДИТЫН шалгалтад бүдрэв" мэдээлэл бэлтгэж нийтлэсэн билээ. 

Үндэсний Аудитын Газрын албан ёсны сайтад нийтлэгдсэн  Сангийн яамны аппаратын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн ээлжит аудитын тайлангаас энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэсэн бөгөөд тайлантай та бүхэн ЭНД дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой. 

Тэгвэл аудитын байгууллагын энэхүү тайланд Сангийн Яамнаас дараах тодруулгыг өглөө. 

САНГИЙН ЯАМНЫ ТОДРУУЛГА: 

Энэхүү аудитын шалгалтаар Сангийн яаманд "Хязгаарлалттай санал дүгнэлт”-ийг урьдчилсан байдлаар ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн яамны зүгээс зөрчилтэй гэж үзсэн дүгнэлт бүр дээр өөрийн тайлбарыг албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлж Хяналтын зөвлөлд гомдол гаргаад байна.

Тухайлбал:
- Баримтын бүрдэл дутуу, бараа материалын дансанд орлого аваагүй гэсэн дүгнэлтэд- 2017 оны 10 дугаар сард аудит шалгах үед зарим гүйлгээний баримтын бүрдэл дутуу байсан ба оны эцсээр баримтыг бүрдүүлж, авлагыг хааж барагдуулсан. Бараа материалын дансанд орлого авах шаардлагатай гүйлгээг бүрэн гүйцэд хийсэн.

- 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал гаргасан- Тухайн жилийн төсөв боловсруулах болон батлуулах үйл ажиллагаа нь яамны стратегийн үндсэн чиг үүрэгт хамаарах тул дээрх үйл ажиллагаа нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд төсвийн эрх баригчийн бүрэн эрхийн дагуу шийдвэрлэн зарцуулсан. Өөрөөр хэлбэл Төсөв боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, засварлах, батлуулах ажил нь олон хүн илүү цагаар сууж, ачаалалтай ажиллах нөхцөлийг шаарддаг, албан хаагчдад нэмэлт цалин олгох бололцоо тэр бүр байдаггүй учир илүү цагаар ажиллахад нь хоолны асуудлыг нь шийдвэрлэдэг гэсэн үг.

- Сангийн сайд 0.8 сая, дэд сайд 0.2 сая төгрөгийн шатахуун хувийн машинд хийсэн- Яамны автомашины ашиглалтын шаардлага хангахгүй, болсон тул сайдын аюулгүй ажиллагааг хангах үүднээс 1-2 удаа хөдөө албан ажлаар явахад нь хувийн автомашинд нь шатахуун олгож тооцоог бодсон.

- Гадаад томилолтын зардлыг хэтрүүлсэн -  АХБ, ДБ, ОУВС-ийн жилийн уулзалтууд, өндөр дээд хэмжээний айлчлалууд, хөрөнгө оруулагчдын харилцааг идэвхжүүлэх, гадаадад үнэт цаас гаргахтай холбогдуулж, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхтэй холбогдох зардлыг Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт тусган төлөвлөсний дагуу зарцуулсан. Батлагдсан төсвөөс хэтрүүлээгүй болно.

-Бумба тахисан тухайд - Э.Болор сайдын үед шийдвэр гарч тухайн арга хэмжээг зохион байгуулсан. Цаашид иймэрхүү арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг Сангийн сайдаас өгсөн.

Аудитын шалгалт нь шалгалт хийх, дүгнэлт гаргах, хүргүүлэх, тайлбар авах, дүгнэлтийг баталгаажуулах, албан шаардлага хүргүүлэх зэрэг шат дараалсан үйл явцтай ажил бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа болно.

Сангийн Яамны тодруулгаар Бумбын тахилгыг тус яам жил бүр тодорхой хэмжээнд санхүүлжүүлсээр ирсэн байна.  2016 оны Бумбын тахилга бол Э.Болор сайдын үеийн шийдвэр байсан гэлээ. Харин 2017 оноос энэхүү тахилгыг санхүүжүүлэхгүй чиглэлийг одоогийн Сангийн сайд өгчээ. Мөн олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан хувийн автомашиндаа улсын зардлаар шатахуун хийсэн нь тус яамны нэр дээрх автомашин эвдрэлтэй байсан тул сайд нар өөрсдийн хувийн машинаа улсын ажилд ашигласантай холбоотой гэв.