Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бумбын тахилга зэрэгт мөнгө зарцуулсан Сангийн Яам АУДИТЫН шалгалтад бүдрэв

Ч.Болортуяа
2017 оны 4 сарын 4
iKon.MN

- Сангийн сайд хувийн машиндаа улсын мөнгөөр бензин хийсэн зэрэг олон зөрчлийг АУДИТЫН байгууллага илчилжээ - 

Монгол Улсын 19 төсвийн төвлөрүүлэн захирагч, 13 Засгийн газрын тусгай сан, 6 төрийн өмчит их, дээд сургуулиудын 2016 оны санхүүгийн тайланд аудит хийгдэж дууссан байна. 

Энэхүү аудитаар  нэг төсвийн төвлөрүүлэн захирагчийн, Засгийн газрын 7 тусгай сангийн, 1 их сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай санал, дүгнэлт өгчээ. Хязгаарлалттай санал дүгнэлт гэдэг нь их хэмжээний зөрчил илэрсэн газрууд аж. Зөрчилтэй байгаа нэг төсвийн төвлөрүүлэн захирагч нь Иргэний Нисэхийн Ерөнхий газар аж. 

Мөн төсвийн шууд төвлөрүүлэн захирагчдад хийсэн аудитаар Сангийн Яам хязгаарлалттай санал, дүгнэлт авсан нь анхаарал татлаа. Учир нь Монгол Улсын бүхий л төсөв, мөнгийг хариуцдаг яам нь өөрөө хамгийн их зөрчилтэй байгаа нь анхаарал татаж байгаа юм. 

Сангийн Яам Амарбаясгалант хийдийн бумбын тахилга болон бусад зардалд 4.2 сая төгрөг зарцуулжээ.

Сангийн Яамнаас илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • "Тус яамны ВЭБ хуудас дахь “Шилэн данс цэс”-д 2016 оны 1-11 дүгээр сарын хооронд байршуулсан мэдээллийг Нийцлийн аудитын газраас шалгасан учраас бид 12 дугаар сарын ажил гүйлгээнээс түүвэрлэн 5.0 сая төгрөгөөс дээшх ажил гүйлгээг “Шилэн данс” цахим хуудаст мэдээлсэн эсэхийг шалгахад нийт 610,281.8 сая төгрөгийн 58 ажил гүйлгээг байршуулаагүй байна" 
     
  • Харилцах дансны нийт 621,183.6 сая төгрөгийн нийт зардлын /цалин, суутгал/-аас бусад зарлагын ажил гүйлгээний 99.4 хувь буюу 617,473.6 сая төгрөгийн ажил гүйлгээнээс зөвхөн түүвэрлэн шалгахад "Баримтын бүрдэл дутуу, холбогдох хууль тогтоомжтой нийцээгүй 16.1 сая, бараа материалын дансанд орлого аваагүй 9.2 сая төгрөгийн тус тус ажил гүйлгээг тайлант хугацаанд бүртгэсэн. Засгийн газрын цом-2016 тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая, Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан" нь тогтоогджээ. 

Өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах зорилгоор тухайн байгууллагад бүртгэлтэй автомашинуудын шатахууны зарцуулалтын тооцооллыг дахин давтан шалгахад дараах зөрчлүүд илэрсэн болно.

Тухайлбал:

  • Сангийн сайд 0.8 сая, дэд сайд 0.2 сая, нийт 1.0 сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн;
     
  • ЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолын 8-д “төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор ажил үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчин тус байгууллагад 3000-4608см3 хөдөлгүүрийн багтаамжтай нийт 3 автомашин ашиглагдаж байна;
     
  • ЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолын 8-д “Бүх шатны байгууллага, албан тушаалтан эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагаас автомашин гаргуулан хэрэглэх, шатахууны зардал төлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчин тус байгууллага нь 2500 см3, 4608см3, 5300 см3 хөдөлгүүрийн багтаамжтай 3 автомашиныг ХАА-н давхар даатгал ХХК болон төслийн нэгжээс гаргуулан ашиглаж, нийт 4.0 сая төгрөгийн шатахуун зарцуулжээ. 

Гэх мэт Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн тухай Аудитын газрын тайланд дурджээ. 

Тайлантай бүрэн эхээр нь эндээс танилцаж болно: