Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсвийн тодотголд зардлыг өсгөж, иргэдээс авах татварыг нэмэгдүүлж байгаатай АН-ын бүлэг санал нийлэхгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.04.04/ хуралдаж, Засгийн газраас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. 

Энэ удаагийн өргөн барьсан төсвийн тодотголын тухайд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлүүдийг оруулж ирснээрээ бусад үеийнхээс ялгаатай. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ зардлыг өсгөж, иргэдээс авах татварыг нэмэгдүүлж байгаатай Ардчилсан намын бүлэг санал нийлэхгүй. Тийм учраас ОУВС-ийн  нөхцлүүдийг төсвийн тодотголд тусгасан байдалд дүгнэлт  хийх Ажлын хэсгийг  байгуулах шийдвэрийг  УИХ дахь Ардчилсан намын бүлэг гаргалаа.

ОУВС-ийн  нөхцлүүдийг төсвийн тодотголд тусгасан байдалд дүгнэлт хийх Ажлын хэсгийг  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ахлах бөгөөд Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшинг харгалзаж үзэж байж Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрийн нөхцлийг төсөвт тусгах эсэх асуудлыг хэлэлцэх эсэхийг тус ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд суурилан шийдвэрлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.  

Хамгийн гол нь эрх баригч МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд төсөв тойрсон маргаантай асуудлуудаас өөр ямар ч ажил хийгээгүй. Тэр дундаа эдийн засгийн бодит хөгжлийн талаар, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар  бүтэн жил юу ч хийгээгүй. Энэ удаа ч мөн ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэж байгаа гэх  440 сая ам. долларын халхавчин дор  5.5 тэрбум ам.долларын өрийг шинээр тавих асуудлыг Ардчилсан нам зөвшөөрөхгүй гэдэгт бүлгийн гишүүд  санал нэгдсэн юм. 

Бүлгийн хуралдааны төгсгөлд энэ сарын 02-ны өдөр болж өнгөрсөн Ардчилсан намын дотоод сонгуулийн асуудлаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн мэдээллийг сонслоо. 


Ж.Батзандан: Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө өсгөж оруулж ирсэн

Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон  тус бүлгийн дэд дарга Ж.Батзандан нар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 

-Татвар нэмэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах боломж байхгүй юу?

- УИХ-ын намрын чуулганы завсарлаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдийн зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт орох ялангуяа үүнийг дагасан  татварын нэмэгдлүүд иргэдийн санааг зовоож байгаа Ардчилсан нам улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ. Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3,000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа.

Эдийн засгийн өсөлтөд  ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6,000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.

-Зээл авахыг та бүхэн эрх баригч хүчин байхдаа зөв гэдэг байсан шүү дээ. Одоо болохоор яагаад болдоггүй юм?

-Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгаа  нь буруу. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байгаа. Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг бид 5 хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл “Хуралдай” гээд байгаа өр дарах процесс нь өөрөө 3 хувийн нэмэгдэлтэй явчихлаа. Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа. 

-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?

-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 гаруй тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 20 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.

-Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?

-ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд.

Ж.Батзандан: Иргэдийн халаас руу гар дүрсэн  бодлогоо эрх баригчид эргэж харах ёстой.  

Ж.Батзандан: Эрх баригчид татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн. Төсвийн тодотгол хийхдээ зардал нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Гэтэл өнөөдөр  оруулж ирж байгаа төсвийн тодотголд  бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө өсгөж оруулж ирсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2 тэрбум 512 сая төгрөг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 1 тэрбум 275 сая, Сангийн сайд Б.Чойжилсүрэн 9 тэрбум төгрөгөөр, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 4 тэрбум 493 саяар тус тус  өөрсдийн багцаа өсгөж оруулж ирж байгааг  ойлгохгүй байна.

ОУВС зардлаа бууруул хэмнэлт бий болго гэж байгаатай бид бас санал нийлж байна: Үүний эсрэг эрх баригчид дээрх маягаар явж байна. Үүнээс гадна Төсвийн тодотголд Тэтгэвэр тогтоох насыг нэмэх, хүүхдийн мөнгийг цөөн тооны хүүхдүүдэд олгоно ялгаварлан олгохоор болсон гэх зэрэг иргэдийн халаас руу гар дүрсэн бодлогоо эрх баригчид эргэж харах ёстой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.