Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ДОХ-ыг хүмүүс тоохоо больжээ

Э.Туул
2017 оны 4 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс элэгний болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа учраас энэ тал руу нэлээд анхаарал хандуулж, вирусийн эсрэг тэмцэл өрнүүлээд буй. Тэгвэл сүүлийн үед дээрх өвчний зэрэгцээ архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замын халдварт тэмбүү өвчин газар авч, улаан тарианы үе рүү эргэн очих хэмжээнд хүрч байгаа талаар анхааруулах болов. Ялангуяа тэмбүү гамшгийн хэмжээнд хүрлээ гэж халаглаж байгаа юм.

Тэгвэл энэ мэтчилэн өвчний гаралт ихсэж байгаагийн хажуугаар өнөөх эдгэшгүй өвчин болох ДОХ олны анхаарлаас нэлээд гарч байгаа бололтой. Сүүлийн үед энэ өвчний тархалт ямар байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэг их мэдээлж, анхааруулахаа больж.

Бид ДОХ гэгч аюултай өвчинтэй “танилцаад” аль хэдийн 25 жилийн нүүрийг үзээд байна. Хамгийн анх хоёр монгол эмэгтэй гадны иргэдээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд түүнээс хойш таван жилийн дараа хоёр дахь тохиолдол нь илэрч байсан удаатай. Тэгвэл сүүлийн үед халдвар тээгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж, илрэлт хоорондын зай ойртож, долоо хоногт 1-3 хүн халдвартай нь илэрч байгаа гэж буй.

Бүр хамгийн сүүлд 15 настай сурагчаас ДОХ илэрсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Тиймээс ч энэ мэдээлэл нийгэмд аюулын харанга дэлдэж байх учиртай. Гэвч үүнийг хүмүүс нэг их тоохгүй байгаа нь эмгэнэлтэй. Албан ёсны тоо баримтаас дурдвал, 2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Үүнээс үзвэл нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэж тооцвол энэ өвчнөөр аль хэдийн 1,000 гаруй хүн өвчилсөн байж мэдэх юм. Харин ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албанаас мэдээлснээр ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай гэж байгаа юм. Тодруулбал, 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарчээ. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж  байгаа гэнэ.

Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн  23.1 хувийг эзэлж байгаа бөгөөд нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байгаа юм билээ. Гэтэл элдэв дуулиан шуугиан, хэн нэг олны танил хүний гэр бүл салалтад ихээхэн ач холбогдол өгч, шуугьдаг цахим сүлжээнд ч ДОХ-ын талаар нэг ч хүн анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар. Угтаа бол бэлгийн замаар халддаг, эдгэшгүй энэ өвчин 15 настай хүүхдээс илэрсэн нь олны анхаарлыг татах ёстой сэдвийн нэг баймаар юм. Гэвч энэ талаар шуугих нь байтугай анхааруулж байгаа ч хүн алга.

Албаны хүний хэлж буйгаар анх 1992 онд ХДХВ илэрснээс хойших 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдсэн гэж байгаа. Түүгээр ч барахгүй ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан нь ДОХ-оор өсвөр үеийнхэн маань өвчлөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа биз дээ.

Гэтэл хичээлийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч, түүний оронд физик, химийн хичээлийн цагийг нэмэгдүүлсэн гэж байгаа. Үнэндээ хүүхэд болгон эмч болохгүй. Харин хүүхэд болгон том болоод бэлгийн харьцаанд орох нь үнэн. Тиймээс ч эрүүл мэндийн хичээлийн цагийг аль болох нэмэгдүүлж, өнөөдөр үүсээд байгаа бэлгийн замаар дамжих эрсдэлт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар байнга хэлж, сануулж баймаар санагдах юм.

Үнэндээ манай эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ өмнөө суулгачихаад бэлгийн замын халдварт өвчний талаар ярьж өгч, ойлгуулна гэдэг үлгэр шүү дээ. Өөрсдөө ч бараг энэ талын мэдээлэл дутмаг байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал дээр анхаарал хандуулж, боловсрол олгох шаардлагатай л байна даа. Эрүүл мэнд болон Боловсролын яам хамтраад эрүүл мэндийн боловсрол олгох асуудал дээр анхаарахгүй бол ирээдүй хойч үе маань эрсдэлд ороод байгааг дуулгамаар байна.

Зураг