Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Аварч явсан антибиотик аюулын харанга дэлджээ

Б.Болор-Эрдэнэ, Ардын эрх
2017 оны 4 сарын 5
Ардын эрх
Зураг зураг

Нянгийн тэсвэржилт үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Нянгийн тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нянгууд нэг болон хэд хэдэн нянгийн эсрэг эмийн бэлдмэлд устахаа болихыг хэлдэг.

Микробиологийн оношилгооны төвшин хангалтгүй, нянгийн тэсвэржилттэй халдварын улсын нэгдсэн бүртгэл байхгүй, нянгийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн чанар муу, замбараагүй зохисгүй хэрэглээ зэрэг нь манай улсад нянгийн тэсвэржилт үүсгэж буй шалтгаан болдог байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон эмэнд тэсвэртэй нянгийн талаар нэг сарын аян өрнүүлж байгаа юм байна. Үүний хүрээнд олон нийтийн мэдээллийн суваг, сошиалаар дамжуулж иргэдэд энэ талын мэдлэгийг түгээж байгаа аж.

Олон эмэнд тэсвэртэй нян, антибиотикын зохистой хэрэглээний талаар хүмүүс мэддэг хэр нь энэ зүйлд маш хайнга ханддаг талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн судлаач, клиникийн профессор Ш.Энхтуяа ярьсан юм.

Тэрбээр “Манай иргэд антибиотик гэж юу болохыг маш сайн мэддэг боловч үүнийхээ мөн чанарыг огтоос мэддэггүй. Бидний хэрэглэдэг эмүүд хүний биеийн дотор байдаг үйл ажиллагааг дэмжих юм уу дарангуйлах байдлаар үйлчилдэг. Нэг үгээр, хэлбэл хүний биеийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Харин антибиотик нь хүний бие махбодын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй. Хүний бие рүү довтлоод байгаа гаднын нян гэдэг бичил биетийг устгаж үгүй хийх, эсвэл үржлийг нь зогсоох үйлчилгээтэй. Ийм байхад манайхан ханиад хүрэх, гэдэс, бүр толгой өвдөх зэрэг нянгийн халдваргүй үед антибиотик хэрэглэх гээд байдаг. Энэ нь маш муу зуршил. Ханиад гэдэг чинь вирусийн гаралтай өвчин шүү дээ. Түүнд нян устгадаг эм уугаад ямар нэмэр байх вэ.

Уг нь антибиотик хүн төрөлхтөнд олон сайхан зүйлийг авч ирсэн. Энэ эмийн төрөл үүсэж бий болоогүй байх үед бид халдварт өвчинд үй олноороо өртөж, арьсны жижигхэн гэмтэл шарх төдийхөнд л халдварлаж нас бардаг байсан юм. Харин үүнийг зөв л хэрэглэж сурах хэрэгтэй байна” гэв. 

Антибиотикийн тэсвэржилт нь зөвхөн Монголын биш дэлхий дахины аюул болоод буй. Үүнийг баримтаар дурдвал Европт энэ шалтгаанаар жилд 25 мянган хүн нас бардаг байна. Харин Энэтхэгт тэсвэртэй нянгийн халдвараар 38 мянган хүүхэд амь үрэгддэг бөгөөд эдгээр хүүхдүүдийн ихэнх нь эхээс халдварласан байдгийг судалгаагаар нотолжээ. Энэ бүхнээс үзэхэд олон эмэнд тэсвэртэй нян гэгч нь яах аргагүй аюулын харанга дэлджээ. “Өнөөдөр хүн төрөлхтөн хөгжиж болно. Харин хөгжихийн хэрээр эргээд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх шаардлага гардаг юм байна. 

Анх пенициллин гэдэг антибиотикыг хэрэглэснээс хойш дэлхийн анагаах ухаанд их хувьсал гарсан. Хатгаа болон элдэв янзын идээт хүндрэлүүдээс болж амь насаа алддаг аюулаас ангижирч чадсан. Гэтэл сүүлдээ антибиотикын зохисгүй хэрэглээнээс болоод өвчин үүсгэдэг нянгуудын ертөнц бас өөрчлөгдөж байна. Энэ нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал боллоо. Сүүлийн долоо, найман жил цоо шинээр нээгдсэн антибиотик алга.

Өвчин үүсгэж буй нянгуудын эсрэг тэмцлийг сайжруулахыг тулд үүнийг зөв хэрэглээд, нөөц антибиотикуудыг хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Манай улсад шинжлэх ухааны эмнэлэг хөгжөөд 90 гаруй жил болж байна. Энэ хугацаанд антибиотикын хэрэглээг цэгцэлж чадахгүй байна.

Жороор болон жоргүй олгодог эмийн тогтолцоо хэвшиж өгөхгүй байна. Эмийн сангуудаас хүн дурын антибиотикаа аваад хэрэглэж байна. Олон эмэнд тэсвэртэй нянгийн судалгааг манай эмнэлэг хийсэн. Дэлхийн сүлжээ судалгааны байгууллагатай хамтран ажиллахад олон эмэнд тэсвэртэй нянгуудын 40 гаруй хувь нь амбулаториор ирж байгаа хүмүүст байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс анх эмнэлэгт хандахдаа л олон эмэнд тэсвэртэй нянтай болчихсон ирж байна.

Тэгэхээр тэр хүнд эмчилгээ хийх антибиотик байхгүй болчихож байгаа юм. Ийм учраас ард иргэдийнхээ антибиотикын хэрэглээний талаар мэдлэгийг нь нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай болж байгаа юм” гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, ангаах ухааны доктор, дэд профессор Б.Бямбадорж хэллээ.

Зураг