Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ

Э.Туул
2017 оны 3 сарын 31
Монголын мэдээ

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь АН-ын дотоод сонгууль. Түүнчлэн энэ сарын 31-нд офшортнуудыг эсэргүүцэх жагсаалын асуудал ч олны анхаарлын төвд байв. Энэ мэтчилэн үйл явдлын эргэн тойронд хэн ямар байр суурь илэрхийлснийг энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа тоймлон хүргэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

/Нийслэлийн Ардчилсан намын дарга/

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл АН-ын дотоод сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд байр сууриа илэрхийлэн, манай сонинд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “АН шинэчлэл хийх үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм.

Ер нь АН-ыг бүрэн шинэчлэхийн тулд зөвхөн Ардчилсан намын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдахгүй гэж бодож байна. Угтаа бол төрийн тогтолцоог өөрчилж байж, намууд жинхэнэ утгаараа шинэчлэгдэх чиглэл рүүгээ явна. Хэрвээ төрийн тогтолцоо одоогийнх шиг олигархын тогтолцоогоороо байгаад л байвал нам олигархынх хэвээрээ байна. Тиймээс шинэчлэлийг утгаар нь хийхийг хүсэж байгаа бол цаана нь төрийн тогтолцоог өөрчилж байж намууд бүрэн шинэчлэгдэх боломжтой. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа.

Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонх нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм.

Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тэгэхээр миний Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа зорилго бол энэ улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхэд л оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглах гэж байгаа юм” хэмээсэн.

Мөн “С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нөхрийг минь алсан алуурчинг олох асуудал дээр нэхэл хатуутай байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийн алуурчинг заавал олно гэдгээ Ц.Элбэгдорж ч, би ч хэлж байсан. Тэгвэл бидний энэ зорилт хэрэгжиж, алуурчид ил боллоо.

Энэ хэрэгт ардчилсан хүчний лидерүүд маш их гүтгэгдэж байсан. С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараагаас л ардчилсан хүчний лидерүүдийн нэрсийг жагсааж байгаад гүтгэж эхэлсэн. Тухайлбал, Баабар, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд бүгд л нөхрөө хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн. Энэ олон гүжирдлэг, гүтгэлэг дунд хамгийн томоор гүтгэгдэж 18 жил зовсон хүн бол би. Үнэхээр сэтгэл, санаа, нэр төрөөрөө маш их хохирсон. Би зориуд хэлж байгаа.

“Одоо бол хохино шүү. Намайг гүжирдсэн бүхнийг би олно шүү. Чи комментын ард нуугдаад ч нэмэргүй. Заавал олно. Заавал хуулийн байгууллагад өгнө” гэдгийг хэлж байгаа. 18 жил хангалттай гүтгүүлсэн. Одоо болсон. Шүүх, прокуроруудын хэлж буйгаар алуурчид нь олдчихсон. Тиймээс захиалагч нь олдож л таарна шүү дээ. Би тэр шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ дотроо бол шүүх хурлыг нь болж өгвөл ил тод, нээлттэй хийгээсэй гэж хүсэж байсан. Магадгүй тэр хууль энэ тэрд нь шалтгаан байгаа л байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хаалттай хийсэн байлаа ч энэ хэрэг цаг хугацааны эрхээр нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, захиалагч нь олдоод ирэхээр бүх зүйл нээлттэй болно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн билээ.

С.Бямбацогт: Офшор дахь хөрөнгөө оруулж ирэхгүй бол илрүүлж, арга хэмжээ авна

 
Гэрэл зургийг mpa.mn

/Хууль зүй, дотоод хэргийн сайд/

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хамтаар орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэднээс иргэд офшор данстай холбоотой асуудлыг их сонирхож буй бөгөөд энэ хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Офшорын асуудал 2013 оноос яригдаж байгаа. Энэ асуудлыг өмнөх УИХ шийдэх гэж оролдоод чадаагүй. 2016 онд шинэ УИХ байгуулагдсанаас хойш буюу өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраас офшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Өргөн мэдүүлснээс хойш маргаан дагуулж байна. УИХ дахь МАН-ын бүлэг үндсэндээ оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийг офшор бүсэд данс эзэмших, мөн хувьцаа эзэмшихийг хориглосон байгаа. Нэгэнт бүлэг дээр шийдвэр гарсан учир хаврын чуулганаар төсөл батлагдах байх. УИХ-аас офшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ.

Хууль батлагдсаны дараа Засгийн газраас офшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна. Засгийн газраас өргөн барьсан хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 40 мянган албан хаагчийг хамруулахаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр, үр хүүхдийг нь офшор компанийн хувьцаа эзэмшихгүй, данс нээлгэхгүй байхыг хориглохоор тусгасан.

Офшор бүс гэсэн тодорхойлолт одоогоор байхгүй. Маргаан гарсан. Тиймээс олон улсын байгууллага, банк санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг албадуудаас гаргасан тодорхойлолтыг хэрэглэе. Үүнтэй холбогдуулж, Монгол Улс ийм бүс нутгийг офшор бүс гэж үзнэ гэсэн тодорхойлолтыг гаргая гэсэн байр суурьтай байгаа.

Ер нь офшор бүс гэдэг ойлголт маань эргийн гадна хилийн чанад дахь гэсэн утгатай. Засгийн газраас анх өргөн барьсан төсөлд хилийн чанад дахь бүх улс орнууд хэмээн тооцоолж байсан ч хэт өргөн хүрээтэй болох нь гэж үзээд, тодорхойлолтод тусгагдах бүс нутгийг хамруулахаар болж байгаа. Анх 300 төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хамруулъя гэж тооцож байсан. Дараа нь хөрөнгө орлого мэдүүлдэг нийт албан тушаалтныг хамруулахаар болсон.

Ер нь Монголын төрд ажиллах гэж байвал хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар илүү харж, билүү долоохгүйгээр ажиллах ёстой. Төр ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ гэсэн бол зүтгэх л хэрэгтэй. Нэгэнтээ төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хувийн хэвшилд ажиллаж болно шүү дээ” гэсэн тайлбарыг өгсөн байна. 

Д.Ганзориг: Хууль зүйн талаасаа УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав нь дэмжиж байж, Үндсэн хуулийг өөрчилнө

/Үндсэн хуулийн цэцийн гишүүн/

Үндсэн хуулийн өөрчлөлт болон иргэдийн оролцооны асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жил болж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бүх төвшинд ярьж, ажлын хэсэг байгуулагдаад буй.

Нэмэлт, өөрчлөлт оруулах шалтаг, шалтгааныг олон янзаар тайлбарлаж ярьж байх шиг байна. Ерөнхийдөө 1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх ажлыг тодорхой үе шаттайгаар хиймээр байгаа юм. Үндсэн хуулийн хэрэгжилтийн судалгааны дүн гарсны дараа түүнийгээ хэлэлцүүлээд зөв, буруугаа шүүгээд үзэхэд ч гэмгүй.

Судлаач нарын, эсхүл тодорхой нэг байгууллагын захиалгаар хийсэн судалгаа гээд олон янзын судалгаа байна. Эдгээрийг харгалзан үзэж, нэгтгэн дүгнэх нь ажлын хэсгийн эхний ажил баймаар. Хоёрдугаарт, ямар ч хууль өөрчлөх ажил үзэл баримтлалаа боловсруулахаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалаа эхэлж тогтох ёстой. 1991 онд Улсын бага хурлаар Их цаазын төслийн үзэл баримтлалын талаар маш том илтгэл бэлтгэж, хэлэлцэж байсан баримт бий.

Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн шалтгаанаа тодруулах ажил их л дутуу дулимаг явагдаад байна даа гэсэн бодолтой байна. Хууль зүйн талаасаа УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурван хувь нь дэмжиж байж Үндсэн хуулийг өөрчилнө. Тиймээс нэг нам, улс төрийн хүчин хэт олонх суудалтай эсэхээс үл хамаарч, Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн орчин бол байна.

Нөгөө талаараа Үндсэн хууль бол хууль зүйн баримт бичиг байхаас гадна улс төр, нийгмийн зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс төрийн хүчин, иргэний нийгмийн байгууллага, өргөн олон иргэдийн оролцоог хангах, нийгэм даяараа зөвшилцөл хийх шаардлага байгаа.

Үндсэн хуульд байнга гар хүрээд байх боломж хомс учраас одоо нэгэнт ийм яриа эхэлсэн учраас олон удаагийн хэлэлцүүлэг хийж, зөвшилцөлд хүрэх бүх арга замыг хайж, оролдох ёстой. Харилцан ойлголцол, бие биеэ хүндэтгэх байдал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд маш их хэрэгтэй гэж бодож байна.

Ингэхгүй бол хэн нэгэн нь бас нэг “гомдол”-той үлдэж нэмэлт өөрчлөлтийг баталсан өдрөөс нь эхлээд шүүмжлээд, дахиад өөрчлөх гээд хөөцөлдөж эхэлж ч мэдэх юм. Тиймээс үзэл баримтлалаа ч юм уу эсхүл бэлэн боловсруулсан (хуулийн хэлээр бол томьёолсон) төсөл байгаа бол түүнийгээ ард иргэдээр (үүнд улс төрийн хүчнүүд, иргэний нийгэм гээд бүгд л орно) хэлэлцүүлэг хийх ёстой юм.

Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын нэг үе шат л болно. Иргэдийн оролцоо гэдэг бол юун түрүүнд оролцох гэж байгаа иргэний ухамсар, хүсэл зоригоос ихээхэн хамааралтай” гэж ярьжээ.

Зураг