Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганцэцэг: Өдөрт 5 граммаас ихгүй давс хэрэглэж байх хэрэгтэй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчин (ЗСӨ)-өөр нас барсан байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор ЗСӨ-ний нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын засгийн газарт зөвлөмж болгосон байна.

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхий улс орнууд 15 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн санаачлагаар Монгол Улс дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Энэ жил “ДАВС ИХТЭЙ ХҮНС, ХООЛНООС ТАТГАЛЗЪЯ” уриан дор гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 3-ны хооронд ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, ДЭМБ хамтран зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

"Монгол хүн өдөрт дунджаар 11.1 грамм давс хэрэглэж байна"

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг "ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн давсны хэрэглээ өндөртэй орны тоонд Монгол Улс орсон байгаа. Мөн статистик тооноос харвал зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна. Энэ нь давсны хэрэглээнээс үүдэлтэй гэсэн тооцоолол байдаг. 

ДЭМБ-аас өдөрт 5 граммаас ихгүй давсыг хэрэглэх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Гэтэл, бидний хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад Монгол хүн өдөрт дунджаар 11.1 грамм давс хэрэглэж байна. Баруун аймгуудад 18-19 грамм давсыг хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. 

Тэгэхээр, бид тодорхой хэмжээнд давсны хэрэглээгээ бууруулсанаар халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжууд харагдаж байна. Мөн, давсны хэрэглээ нь ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаануудын нэг болдог. Тиймээс, иргэд давс ихтэй хоол хүнснээс татгалзахыг уриалж байна" гэлээ.

 

 "Талх, талхан бүтээгдэхүүн, зарим төрлийн утсан махан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулаад байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт ЗСӨ (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг); хавдар (жилд дунджаар 3500) орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Г. Баярболд "Хүнсний бүтээгдэхүүний 81 хувь нь, нийтийн хоолны 83 хувьд давсны агууламж стандартад заасан хэмжээнээс их байдаг. Хүнсний бүтээгдэхүүний шошгололтод давсны хэмжээг тусгадаггүй болох нь “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар нотлогдсон.

Дээрх судалгааны дүнд үндэслэн НЭМҮТ, ДЭМБ хамтран “Чимх давс” туршилтат төсөл (интервенц)-ийг 2012-2013 онд “Талх чихэр” ХК, “Max импекс” ХК, "Гоёо” ХК-ийн ажилчдад хэрэгжүүлсэн бөгөөд төсөлд хамрагсдын давсны хэрэглээ интервенц эхлэхийн өмнө хоногт 11.1 грамм байсан бол интервенцийн дараа 9.3 болж 1.8 грамм болж буурсан нь цаашид уг арга хэмжээг үндзсний түвшинд хэрэгжүүлэх боломжгойг нотолж өгсөн.

Түүнчлэн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах санал санаачлагыг “Max маркет” ХК, “Талх чихэр” ХК дэмжин ажилласны үр дүнд талх, талхан бүтээгдэхүүн, зарим төрлийн утсан махан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулаад байна" хэмээн онцлов.

 

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад:

  1. Хүн амын давсны хэрэглээг бууруулах бодлого эрх зүйн орчин бүрдүүлэх (үндэсний стратеги, хүнсний стандарт, шошгололт, эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, хяналтыг сайжруулах)
  2. Хүнс хоол үйлдвэрлэгчдийн оролцоо дэмжлэгтэйгээр бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах 
  3. Хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бодлогын 3 арга хэмжээг хэрэгжүүлж байна

Үүний үр дүнд давсны хэрэглээнээс улбаатай өвчний өвчлөл, нас баралтыг бууруулах, нийт хүн амыг давсны хэрэглээнээс улбаатай өвчинд өртөхөөс сэргийлэх улмаар эрүүл мэндийн зардлыг хэмнэх, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх давсны хэмжээг багасгаж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэргээр улс орныхоо эдийн засагт багагүй хөрөнгө оруулалт хийдэг байна.

Зураг
13 | 18 | 18 цаг