Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүнээс татгалзах Их Британий өргөдлийг Европын Холбоо хүлээж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Их Британи албан ёсоор Европын Холбооноос гарах өргөдлөө Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Тускад гардуулж өгснөөр энэхүү түүхэн үйл явц эхэллээ.

ЕХ-нд суух Британий элч Сэр Тим Барроу ерөнхий сайд Тереза Мэйн гарын үсэгтэй захидлыг Брюссель хотноо гардуулж өгсөн юм. Туск захидлыг хүлээн авч байгаа зургаа “Есөн сарын дараа Британи өргөдлөө өглөө” гэсэн тайлбартайгаар твиттер хуудсандаа нийтэлжээ.

Өргөдлийг хүлээж авсныхаа дараа Туск хэлэхдээ “Энэ өдрийг сайхан өдөр мэтээр харуулах гэж дүр эсгэх шалтгаан алга” гээд “Бид хэдийнээ Британийг үгүйлээд эхэлсэн. Баярлалаа, баяртай” гэж харамсангуй өнгөөр хэлсэн байна.

Харин Лондон хотноо ерөнхий сайд Тереза Мэй парламентад үг хэлэхдээ энэ шийдвэрийг “эргэж буцах боломжгүй түүхэн агшин” гэж тодорхойлсон юм.

“Бид одоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хяналтдаа авна” гээд “Нэгдсэн Вант Улсад хамгийн ашигтай байх, хамгийн ирээдүйтэй байх хэлцлийг Европын Холбоотой хийхэд манай улс орон, айл өрх бүр нэгдэх цаг ирж байна” гэж Мэй өгүүлсэн байна.

1973 онд Европын Холбоонд элссэн Британичууд өнгөрсөн оны зургаадугаар сард бүх нийтийн санал асуулгаар буцаж гарах шийдвэр гаргасан юм.

Тереза Мэйн бичсэн зургаан хуудас захидалд Британи улс Европын үнэт зүйлсээс татгалзаагүй гээд Европын Холбоог цаашид амжилттай хөгжин цэцэглэхийг хүссэн байна.

Тереза Мэй “Бид Европын Холбоог орхиж байгаа, харин Европыг орхиогүй. Тиймээс энэ тивийн хувьд бид үнэнч түнш, холбоотон хэвээр үлдэх болно” гэж захидалдаа өгүүлжээ.

Өргөдлийг өгснөөс хойш хоёр жилийн дотор салах үйл явц дуусах ёстой. Хэрвээ амжихгүй бол сунгах ба ингэхдээ ЕХ-ны гишүүн 27 улсын зөвшөөрлийг авах ёстой юм.

Туск өргөдлийг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор гишүүн орнууддаа хэлэлцээр эхлүүлэх чиглэл өгнө. Үүний дараа улс бүрийн элч нар цуглаж түүний өгсөн чиглэлийг хэлэлцэх ажээ.

Дөрөвдүгээр сарын 29-нд болох Европын Холбооны удирдагч нарын уулзалтаар Британитай хэлэлцээр хийх эрхийг Европын Коммисст олгох юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty