Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэг баривчлах хүсэлт гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын прокурор өнөөдөр ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах хүсэлт гаргаж байгаагаа зарлалаа. Түүнийг авлига авч, эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн нууц алдагдуулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.

Одоо экс ерөнхийлөгчийг баривчлах хүсэлтийг ирэх Пүрэв гарагт Сөүлийн Төв тойргийн шүүх хэлэлцэж шийднэ.

Хэрвээ баривчлах зөвшөөрөл өгвөл Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын баривчлагдсан гурав дахь экс ерөнхийлөгч болох юм. Прокурорын мэдэгдэлд “Сэжигтэн албан тушаалаа хэтрүүлж ашиглан хувийн компаниудаас мөнгө авсан, бизнесийн байгууллагын дотоод хэрэгт оролцсон, төрийн нууц мэдээллийг алдагдуулсан зэрэг нь хэргийг хүндрүүлж байна” гэж дурджээ.

“Түүний холбоотон Чой Сүүн Сил, үүрэг даалгаврыг нь биелүүлсэн албан хаагчдыг баривчилсан хэрнээ өөрийг нь гадуур үлдээхийг шударга бус гэж үзэж байна” хэмээн нэмж тайлбарласан байна.

Одоогоор Чой Сүүн Сил, ерөнхийлөгчийн зөвлөх, сайд асан албаны хүмүүс, Самсунг группын тэргүүн Ли Жэ Ён нарыг баривчилж хориод байгаа юм.

Харин Пак Гын Хэ өөрт нь тулгаж байгаа бүх ялыг няцааж, Чой болон бусад хүмүүсийн хийсэн үйлдлийг огт мэдээгүй гэдгээ илэрхийлсээр байгаа.

Зургаа хоногийн өмнө прокурорууд экс ерөнхийлөгчийг 21 цагийн турш саатуулж, байцаасан юм. Пак Гын Хэг албан тушаалаа ашиглан нөлөөлөх замаар найз Чой Сүүн Силийн хувийн санд компаниудаас 77.4 тэрбум воны хандив авсанд буруутгаж байна.

Зөвхөн энэ хэргийн төлөө экс ерөнхийлөгч доод тал нь 10 жилийн, цаад тал нь бүх насаар хоригдох ял авах боломжтой. Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Өмнөд Солонгосын парламент гаргасан бөгөөд энэ сарын 10-нд Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм. Таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь энэ оны сүүлээр дуусах байсан бол тэр ийнхүү хугацаанаасаа өмнө огцорч, тавдугаар сарын 9-нд ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар товлогдоод байна.

 

Эх сурвалж: Korea Herald