Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Францын сайд охидоо ажилд авсныхаа төлөө огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Францын дотоод хэргийн сайд Бруно Ле Ру өсвөр насны охидоо засгийн газарт ажиллуулж, цалин олгосон гэх дуулиан гарсны дараа өчигдөр огцрохоо мэдэгдлээ.

Сайд хэвлэлийн бага хурал дээр өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн ч буруу зүйл байхгүй гэжээ. Тэр хоёр охиноо 15, 16 настай байхаас эхлэн зуны амралтаар нь төрд ажиллуулсан нэрээр мөнгө төлсөн нь илэрсэн юм.

2009-2016 онд өсвөр насны охидоо ажиллуулахдаа Ле Ру 24 удаагийн богино хугацааны ажлын гэрээ байгуулж, нийт 55,000 еврог төлсөн байна.

Ерөнхийлөгч Франсуа Олланд сайдын огцрох хүсэлтийг хүлээн авч, худалдааны сайд Маттиас Фэкиг оронд нь түр томилжээ.

51 настай Ле Ру сайд охидынх нь ажлын гэрээ “засгийн газарт хор хүргэсэн” эсэхийг мөрдөн шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Францад төрийн албан хаагч гэр бүлийн хүнээ ажилд авахыг хориглодоггүй. Гэхдээ Ле Ругийн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ нь дадлагажигчийн нөхцөлтэй байсан гэнэ. Тиймээс түүнийг төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC