Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд ээ, газар хөдлөлтөд бэлэн үү

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарч, зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохион байгуулна. Жил бүрийн л энэ үед гамшгийн дохио дуугардаг хэдий ч, зарим иргэд юу болж байгааг төдийлөн ойлгохгүй өнгөрөөх нь бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ойрын хугацаанд Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр байгааг анхааруулсан. Тэрбээр үүнээс нэг жилийн өмнө ч гэсэн ийм мэдэгдэл хийж байв. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч тус бүртээ анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг иргэд хүргэж ажилласан билээ.

Гэвч “Сүх далайтал үхэр амар” гэгчээр хэзээ л бол хэзээ нүүр тулж мэдэх газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг мөрддөг жирийн иргэн бий болов уу. Төрийн байгууллагын ажилтнууд нь оногдсон үүрэг даалгаврын дагуу гамшгийн дохио дуугармагц ширээн доогуураа хэсэг хугацаанд нуугддаг байж болох. Харин үүний дараа бид юу хийх ёстой вэ.

Хүчтэй газар хөдлөх үед мэдээлэл солилцож чадахгүй болох, тог, ус тасрах, жорлонгийн ус ашиглах боломжгүй болох, нийтийн тээвэр зогсож, хүнсний гачигдал гэх зэрэг эрсдэлүүд тулгарна. Автобусаар зорчиж явахад, лифтэнд байхад, банкинд дугаарлаж байхад, эсвэл зүгээр л ажлаа хийж явахад тань газар чичирхийлбэл яах вэ. Энэ талын мэдлэг мэдээлэлтэй хүн байгаа эсэх нь тун эргэлзээтэй.

Хэзээ мөдгүй газар хөдлөх хэмжээнд хүрчихсэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа нийслэлийн иргэд ядахдаа гамшиг тохиолдсон үед хаана байрлах вэ, хоол хүнс, тог цахилгаангүй, нийтийн унаа ч үгүй болбол хамгийн түрүүнд хэнд хандах юм бэ. Жил бүр л гамшгийн дохио дуугаргана, харин иргэд, албаны хүмүүс нь зөвхөн сургуулилтад л бэлтгэнэ. Хэрэв үнэхээр гамшгаас урьдчилан сэргийлэх дадал, мэддэг мэдээллийг иргэддээ олгох гэж байгаа юм бол чичирхийлэл мэдрэгдсэний дараа яах ёстой, байшин барилга нь нурвал хаана хоргодох зэргийг нарийн зааварлах ёстой биш үү.

Нэг жишээ дурдъя. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс Японд хоргодох байрыг ногоон бөөрөнхий рүү гүйж буй хүний дүрсээр тэмдэглэн оршин суугчдад зааварладаг. Хоргодох байрных нь тоо гэхэд улсын хэмжээнд нийтдээ 48 мянга гаруй байх бөгөөд үүний 944 нь засаг захиргааны байгууллага байдаг аж. Үүнээс халамж үйлчилгээ үзүүлэх байр 7,647 байх бөгөөд үүний 791 нь төрийн байгууллага байдаг байх юм.

Гэтэл нийслэлчүүд газар хөдөлбөл хаана очих, хандах талаар огт мэдээлэлгүй байна. Зарим хэвлэл нийслэлд хоргодох байр бий эсэх талаар албаны хүнээс тодруулахад, “төрийн нууцад хамааралтай хариулах боломжгүй” хэмээсэн байх юм. Хоргодох байр хаана байрлах, аль аль сургууль, цэцэрлэгт хүрээлэнг хоргодох байрны зориулалтаар ашиглахыг нийтэд мэдээлээгүй байж, газар хөдлөлтийн гамшиг нүүрлэнэ гэж анхааруулж суугаа хүмүүс товчхондоо амь амиа бодоорой гэсэн мессэжийг л өгч байх аж. Тийм байтал хоол хүнсний нөөцийн асуудлыг ярих ч боломжгүй.

Нийслэлийн хэмжээнд Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхтэйд тооцогддог бөгөөд 6-7.2 магнитуд хүртэлх газар хөдлөлт болох магадлалтайг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байдаг. Гэтэл нийслэлд ийм хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэх төрийн үйлчилгээний барилга байтугай, хувийн хэвшлийн компанийн барилга ч байхгүй. Ийм байтал хэчнээн дохио дуугаргаад яах вэ дээ. Яг үнэндээ Гаитигийн бодит жишээ манайд давтагдах вий дээ.

Зураг