Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУРХАЙ МЭДЭЭ: Иргэд, жолооч нарын анхааралд

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна.

Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар ханган замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Увсын зүүн, Ховдын хойд, Завханын өмнөд,  Архангайн баруун, маргааш өдөр Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр их цас орно. 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны гуравдугаар сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 

2017 оны гуравдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 23-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: УЦОШГ