Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хэрэгцээ Африкийн илжигт заналхийлж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкт хоёр жилийн өмнөөс гэрийн тэжээвэр илжгийг хулгайлж, нядлах явдал нэмэгдсэн байна. Энэ нь Хятадад илжигний арьс үнэд орсонтой холбоотой гэнэ. Хятадын уламжлалт анагаах ухаанд илжигний арьснаас гаргаж авдаг гелатин хэмээх бодисоор эм найруулж, цус багадалт зэрэг өвчнийг эмчилдэг ажээ.

Нутгийн фермерүүдийн илжгийг хулгайгаар авлаж, хашаанд нь арьсгүй, туурайгүй болсон илжигний зовлого үлддэг болсон байна.

Илжигний туурайнд дээрх гелатин бас ихээр байдаг ажээ. Өмнө нь илжиг хаа сайгүй чөлөөтэй бэлчиж явдаг байсан Өмнөд Африкийн орнуудад ийнхүү байдал эсрэгээр эргээд байна.

Мөн Хятадын зарим хэсэгт илжигний махыг хүнсэнд хэрэглэдэг тул байдал бүр дорджээ. Харин Африкт илжгийг зөвхөн ачлага уналгад ашигладаг юм байна.

Хятад улс 1990 оноос 2013 оны хооронд илжигний тоо толгойгоо хоёр дахин бууруулсан нь ийнхүү Африкийн илжгийг үнэд оруулжээ. Дээрх хугацаанд Хятад улсад илжигний тоо толгой 11 саяас зургаан сая болж буурсан байна.

ӨАБНУ-д нэг илжиг 400 ранд ($31) хүрдэг байсан бол одоо 2,000 ранд болон нэмэгджээ,

Хоёр сарын өмнө Иоханесбургийн цагдаа 5,000 гаруй илжиг нууж байсан байрыг илрүүлсэн нь ийм төрлийн хамгийн том хэрэгт тооцогдож байна. Үүнээс гадна хотын ойролцоогоос хэд хэдэн ийм газар илрүүлжээ. Нэгэн хятад хүний эзэмшлийн газраас илжигний арьс их хэмжээгээр хураасан байсныг мөн олсон байна.

Энэ хэргийн дараа нутгийн иргэд бухимдлаа илэрхийлэх болсон тул тус улсад суугаа Хятадын элчин сайд мэдэгдэл гаргаж, Өмнөд Африк-Хятадын хооронд ямар нэг албан ёсны худалдаа байхгүй байгааг баталсан байна.

Тиймээс үүний цаана илжигний арьс бэлтгэн гаргадаг хууль бус сүлжээ байгаа нь харагджээ.

Хууль бус наймааг цэгцлэхийн тулд Өмнөд Африкийн эрх баригчид илжигний мах, арьсыг Хятад руу гаргах ажлыг хуульчлах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн есдүгээр сард зарласан байна. Үүний дараа илжигний үнэ тэнгэрт хадсан гэнэ.

Хятадын зах зээлд жил бүр 5,000 тонн гелатинийг илжигний арьснаас гаргадаг ба үүний цаана 4 сая тонны далд хэрэгцээ нуугдаж байгааг Хятадын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гэхдээ илжигний экспортыг хуульчлах нь хулгай, нядлагыг зогсоож чадахгүй нь Өмнөд Африкийн хөрш орнуудын жишээнээс харагдах болжээ.

Тухайлбал Ботсвана, Кени улсууд Хятад руу албан ёсоор гаргаж байгаа. Намиби улс ч ингэх бэлтгэлээ базааж байна. Харамсалтай нь ингэснээр хулгайг зогсоож чадахгүй байгаа гэнэ.

Өөр нэг улс Буркино Фасо өнгөрсөн жил илжгээ аврахын тулд Ази руу экспортлохыг нь хориглож эхэлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post