Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар уулзалт хийв

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой өнөөдөр ажил хэргийн уулзалт хийжээ.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаад улсад байгаа Монгол иргэдийн санал авах ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцаж санал бодлоо солилцсон байна.

УИХ-аас Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зургаадугаар сарын 10-11 өдрүүдэд авахаар тогтоосон юм.

Тиймээс Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв  болон салбар комисс байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаар ярилцжээ.

Дашрамд сануулахад, Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт:

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ гэж заасан байдаг.

Харин иргэдийн саналыг авахдаа тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авах аж.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
11 | 6 | 5 цаг