Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Ким Жон Намын хурууны хээг Малайзад өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын дундуур Куала Лумпурт болсон аллагын хэргийг шалгах ажилд туслах зорилгоор Японы тал Ким Жон Намын хурууны хээг Малайзад дамжуулж өгсөн талаар албаны эх сурвалж Ням гарагт мэдээллээ.

2001 онд хуурамч бичиг баримтаар Японд нэвтрэхийг оролдож байсан Ким Жон Намыг Наритагийн нисэх буудлаас буцаахдаа хурууны хээг нь авч үлдсэн юм байна. Тухайн үед тэрээр Токиогийн Диснейлэндэд очих гэж яваагаа мэдүүлж байжээ.

Энэ мэдээлэл нь Япон улс анх удаагаа Хойд Солонгосын зохион байгуулсан гэгдэж байгаа аллагыг мөрдөн шалгахад дэмжлэг үзүүлснийг батлан харуулсан байна.

Хойд Солонгос алагдсан хүнийг Ким Чол нэртэй өөр хүн байсан, зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдээлж байгаа. Харин Малайзийн тал түүнийг Ким Жон Нам мөн гэдгийг батлахаар ажиллаж байсан юм.

Японы талаас зөвхөн хурууны хээ биш, мөн талийгаачийн гадаад төрх, онцгой шинж тэмдэг, гэрэл зураг зэрэг мэдээллийг Малайзад илгээсэн гэнэ.

Энэ бүхний эцэст Малайзийн үндэсний цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Халид Абу Бакар өнгөрсөн Баасан гарагт талийгаачийн цогцсыг Ким Жон Намынх мөн гэдгийг зарласан байна. Тэд хэрхэн гүйцэтгэсэн тухайгаа дэлгээгүй ч ДНХ шинжилгээ үүнийг баталсан гэжээ.

Өмнө нь тэднийг Макаод байгаа Ким Жон Намын гэр бүл рүү төлөөлөгч илгээж хүү Ким Хан Солоос ДНХ-ийн дээж авсан гэж мэдээлж байсан юм. Ким Хан Солыг Хойд Солонгосын аллагын дараагийн бай болох вий гэсэн болгоомжлол байгаа тул Хятад улс хамгаалалтад авсан гэсэн мэдээлэл байна.

 

Эх сурвалж: Nikkei