Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Барселона клуб Депортиво-д хожигдлоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Испанийн аварга шалгаруулах Ла Лигийн тэмцээний 27-р тойргийн тоглолтын хүрээнд учраа таарсан Барселона болон Депортиво Ла Коруна багийн тоглолт 2:1 онооны харьцаагаар Депортивогийн ялалтаар өндөрлөлөө.

Аваргуудын лигт гайхалтай “эргэн ирэлт” хийж, түүхэн ялалт байгуулсан Барселона клубийг энэ удаад хожно гэж таамаглаж байсан ч тэд нэг гоолын зөрүүгээр хожигдсон юм. Тоглолтын эхнээс Барселона клуб гоолын хэд, хэдэн аюултай боломж үүсгэж, довтолсон ч байндаа тусахгүй байжээ. Ингэсээр тоглолтын 40 дэх минутад эзэн баг болох Депортиво Ла Коруна багийн довтлогч Жоселу 40 дэх минутад гоол оруулснаар тэргүүлж эхэлсэн юм. Тоглолтын эхний хагас эздийн давамгайллаар өндөрлөсөн.

Харин тоглолтын хоёр үе эхлээд удаагүй байхад буюу тоглолтын 46 дахь минутад Барселона клубийн жигүүрийн довтлогч Луйз Суарез гоол оруулж тооны харьцааг тэнцүүлжээ. Тооны харьцаа тэнцсэний дараа Барселона клуб эздээс бөмбөг илүү эзэмшиж, хэд, хэдэн сөрөг довтолгоо хийсэн ч гоол болж чадаагүй юм. Тоглолт дуусахаас ердөө арваадхан минутын өмнө буюу тоглолтын 74 дэх минутад Эмре Чолакын дамжуулалтаар хагас хамгаалагч Алехандро Бергантиниос гоол оруулж, эздэд тэргүүллийг авчирсан билээ.

Тоглолтын эцсийн мөчид Барселона тэнцүүлэх гэж хичээсэн ч гоол оруулж чадахгүй байсаар тоглолт Депортиво Ла Коруна клубийн ялалтаар өндөрлөсөн юм. Ла Лигийн хүснэгтэд Барселона клуб 60 оноогоор хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол ялалт байгуулсан Депортиво Ла Коруна клуб 27 оноотойгоор хүснэгтийн 15-рт жагсаж байна.

Эх сурвалж: soccerway.com